Хаадын Дээд 1:4-10 АБ2004

4 Тэр охин маш гоо үзэсгэлэнтэй байсан бөгөөд хааны асрагч болж, хаанд үйлчлэв. Гэвч хаан түүнтэй энгэр зөрүүлсэнгүй.

5 Тэр үед Хаггитын хүү Адониа өөрийгөө өргөмжлөн—Би хаан болно хэмээн чалчиж байв. Тэрээр өөртөө тэрэгнүүд болон морьтонгуудыг өмнөө явуулах тавин цэргийн хамт бэлдүүлжээ.

6 Эцэг нь түүнийг “Чи яагаад ийн үйлдсэн бэ?” хэмээн хэзээ ч зэмлэн, хориглодоггүй байсан ажээ. Тэр бас Абсаломын дараа төрсөн бөгөөд маш сайхан эр байлаа.

7 Тэрээр Зеруиагийн хүү Иоаб болон тахилч Абиатар нартай зөвшилцөн, тэд Адониаг дагаж туслав.

8 Гэвч тахилч Задок Иехоиадагийн хүү Бенаиа, эш үзүүлэгч Натан, Шимеи, Реи болон Давидын хүчит эрс Адониатай нийлсэнгүй.

9 Адониа Ен-рогелын ойролцоох Зохелетын хадан дээр хонь, үхэр, тарган тугалуудаар тахил өргөн, өөрийн ах дүү болох хааны бүх хөвгүүд, Иудагийн бүх эрчүүд болох хааны зарц нарыг ч урьжээ.

10 Харин тэрээр эш үзүүлэгч Натан, Бенаиа, хүчит эрс болон дүү Соломон нарыг урьсангүй.