Хаадын Дээд 11:6-12 АБ2004

6 Соломон ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу зүйл үйлдэн, эцэг Давид шигээ ЭЗЭНийг гүйцэд дагасангүй.

7 Дараа нь Соломон Моабын жигшүүрт шүтээн Хемошд болон Аммоны хөвгүүдийн жигшүүрт шүтээн Молехт зориулан Иерусалимын зүүн зүгт байх уулан дээр мөргөлийн өндөрлөг босгов.

8 Өөрсдийн бурхдад утлага шатаан, тахил өргөж байсан харь орны бүх эхнэрүүддээ зориулан Соломон тийнхүү хандав.

9 Соломоны зүрх сэтгэл Израилийн Бурхан ЭЗЭНээс урвасан тул ЭЗЭН Соломонд хилэгнэсэн. ЭЗЭН түүнд хоёр ч удаа үзэгдэн,

10 өөр бурхдыг бүү дага гэж тушаасан боловч Соломон ЭЗЭНий тушаалыг сахисангүй.

11 ЭЗЭН Соломонд—Чи үүнийг үйлдэн Миний чамд тушаасан Миний гэрээ зааврыг чи сахиагүй учир Би чамаас хаанчлалыг үнэхээр тастан авч, зарцад чинь өгөх болно.

12 Гагцхүү чиний эцэг Давидын тусын тулд Би үүнийг чиний өдрүүдэд хийхгүй, харин чиний хөвгүүний гараас Би үүнийг тастан авах болно.