Хаадын Дээд 13:17-23 АБ2004

17 Учир нь ЭЗЭНий үгээр надад “Чи тэнд талх идэж, ус ууж болохгүй. Ирсэн замаараа бүү буцан ирээрэй” гэсэн тушаал өгөгдсөн юм гэв.

18 Хөгшин эш үзүүлэгч түүнд—Би ч бас чамтай адил эш үзүүлэгч. Тэнгэр элч ЭЗЭНий үгээр надад хэлэхдээ “Түүнийг гэртээ дагуулан ирж, талх идүүлэн, ус уулгаарай” гэсэн юм гэв. Гэвч тэрээр худал ярив.

19 Бурханы хүн түүнтэй хамт явж, гэрт нь талх идэж, ус уулаа.

20 Тэднийг ширээний ард сууж байх үед, Бурханы хүнийг буцаан авчирсан эш үзүүлэгч дээр ЭЗЭНий үг буун ирсэнд

21 тэрээр Иудагаас ирсэн Бурханы хүнд хандан хашхиран уйлж,—ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ЭЗЭНий тушаалыг зөрчин, ЭЗЭН Бурханыхаа чамд тушаан хэлсэн тушаалыг мөрдсөнгүй,

22 харин буцан ирж, ЭЗЭНий чамд «Талх бүү ид, ус бүү уу» гэсэн газарт талх ч идэж, ус ч уусан тул чиний хүүр эцэг өвгөдийн чинь булшинд оршуулагдахгүй” хэмээжээ гэж хэлэв.

23 Бурханы хүн идэж, уусны дараа хөгшин эш үзүүлэгч түүнд зориулан илжгийг эмээллэв.