Хаадын Дээд 15:9-15 АБ2004

9 Израилийн хаан Иеробоамын хорьдугаар жилд Аса Иудагийн хаан болж захирч эхэллээ.

10 Тэрээр Иерусалимд дөчин нэгэн жилийн турш хаанчлав. Түүний эх нь Абишаломын охин Маака байлаа.

11 Аса өөрийн эцэг өвөг Давидын адил ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэж байв.

12 Тэрээр бас шүтээний янхан эрчүүдийг газар нутгаасаа хөөн гаргаж, эцэг өвгөдийнхөө бүтээсэн шүтээнүүдийг нурааж хаяв.

13 Тэр бас өөрийн эмэг эх Маакаг эх хатан байхаас зайлуулжээ. Учир нь эмэг эх нь ашера мэт жигшүүрт хөргийг бүтээжээ. Аса эмэг эхийнхээ жигшүүрт хөргийг цавчин хаяж, Кидрон горхины дэргэд шатаав.

14 Гэвч мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдсангүй. Харин Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш ЭЗЭНд бүрэн зориулагдсан байв.

15 Тэр эцгийнхээ болон өөрийнхөө хадгалж байсан зориулагдсан эд зүйлс болох алт, мөнгө ба хэрэгслүүдийг ЭЗЭНий өргөөнд оруулан тавив.