Хаадын Дээд 16:10-16 АБ2004

10 Тэгэхэд Зимри орж ирэн, Иудагийн хаан Асагийн хорин долдугаар жилд Елагийн амийг хороож, Елагийн оронд Израилийн хаан боллоо.

11 Зимри хаан болж, сэнтийд залрангуутаа Баашагийн ургийн бүх хүмүүсийг хүйс тэмтрэв. Төрөл төрөгсөд, найз нөхдөөс нь ямар ч эр хүйстнийг үлдээгээгүй ажээ.

12 Иехү эш үзүүлэгчээр дамжуулан Баашагийн эсрэг айлдсан ЭЗЭНий үгийн дагуу Зимри Баашагийн ургийнхныг бүгдийг нь ийнхүү устгажээ.

13 Учир нь Бааша ба түүний хүү Ела нар өөрсдөө нүгэл үйлдэж, бас Израилиар нүгэл үйлдүүлэн, өөрсдийн шүтээнүүдээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм.

14 Елагийн бусад үйлс болон хийсэн бүх ажил Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?

15 Иудагийн Аса хааны хорин долдугаар жилд Зимри Тирзад долоон өдөр хаанчлав. Тэр үед Филистэд харьяалагддаг Гиббетоны эсрэг ард олон хуарагнан буусан байлаа.

16 Зимри хуйвалдаан зохиож, хааныг хороосныг хуарагнан буй хүмүүс сонсжээ. Тийм учраас бүх Израиль өөрсдийн цэргийн жанжин Омрийг Израилийн хаан хэмээн тэр өдөр хуарандаа өргөмжлөв.