Хаадын Дээд 17:16-22 АБ2004

16 Елиагаар дамжуулан ЭЗЭН айлдсанчлан хул аяган дахь гурил дуусаагүй, мөн ваар доторх тос ч дууссангүй.

17 Ийн байж байтал гэрийн эзэгтэйн хүү өвджээ. Түүний өвчин хүндэрсээр эцэстээ хүү амьсгал хураав.

18 Тэр эмэгтэй Елиад—Бурханы хүн ээ, танд намайг буруутгах юм юу байна? Та нүглийг минь сануулж, хүүг минь үхэлд хүргэх гэж ирээ юү? хэмээв.

19 Елиа түүнд—Надад хүүгээ өгөөч гэв. Тэрээр эмэгтэйн тэврээс хүүг нь аваад, өөрийн амьдарч байсан дээд давхрын өрөөнд үүрэн авчирч орон дээрээ хэвтүүлжээ.

20 Тэрээр ЭЗЭНийг дуудан,—Миний Бурхан ЭЗЭН, Та миний буудаллан байгаа энэ гэрийн бэлэвсэн эмэгтэйн хүүг үхэлд хүргэснээрээ түүнд ийм гай буулгасан уу? гэж хэлэв.

21 Тэгээд тэрээр хүүгийн дээрээс гурвантаа алдлан хэвтээд, ЭЗЭНийг дуудан,—Миний Бурхан ЭЗЭН, энэ хүүгийн амийг буцаан өгөөч гэж би Танаас гуйж байна хэмээв.

22 ЭЗЭН Елиагийн дууг сонсож, хүүгийн амь буцан ирж, хүү амилав.