Хаадын Дээд 18:1-7 АБ2004

1 Олон өдөр улиран өнгөрч, гурав дахь жилд ЭЗЭНий үг Елиад ирж,—Явж, Ахабтай уулз. Би газрын гадарга дээр бороо оруулах болно гэж айлдлаа.

2 Елиа Ахабт бараалхахаар явав. Тэр үед Самарид өлсгөлөн ид гаарч байлаа.

3 Ахаб гэрийн түшмэд Обадиаг дууджээ. (Обадиа ЭЗЭНээс гүнээ эмээдэг нэгэн байлаа.

4 Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг устгаж байх үед Обадиа зуун эш үзүүлэгчийг авч, тавь тавиар нь агуйд нуун, тэдэнд талх ус ханган өгч байсан юм.)

5 Ахаб Обадиад—Нутаг даяар буй булаг шандтай голын нуга хөндийгөөр яв. Бид өвс ногоотой газар олж, морь, луусуудаа амьд байлгаж, мал сүргээсээ алдахгүй байж болох юм гэж хэлэв.

6 Тэд нутгийг шинжихээр өөр хоорондоо хуваагаад, Ахаб нэг тал уруу Обадиа нөгөө тал уруу, тус тусын замаа хөөн явжээ.

7 Обадиа замдаа явж байтал түүнтэй Елиа таарав. Обадиа түүнийг таниад, нүүрээрээ газар унан,—Миний эзэн Елиа та мөн үү? гэв.