4 Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд, нэгэн арц модны доор суув. Тэрээр үхэхийг хүсэмжлэн—Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлэв.
5 Тэрээр арц модны дор хэвтээд унтав. Харагтун, нэгэн тэнгэр элч түүнд хүрч,—Бос, идэгтүн гэжээ.
6 Елиа харвал түүний толгойн хавьд халуун чулуунууд дээр жигнэсэн талх, ваартай ус байжээ. Тэрээр идэж уучихаад дахиад л хэвтэв.
7 ЭЗЭНий тэнгэр элч хоёр дахь удаагаа дахин ирээд, түүнд хүрч,—Босоод идэж ав. Учир нь энэ аялал чиний хувьд дэндүү хүнд юм гэв.
8 Тэрээр босоод, идэж уулаа. Тэр хоолны хүчээр дөчин өдөр, дөчин шөнө Бурханы уул болох Хореб уруу явлаа.
9 Елиа тэнд агуйд орж шөнийг өнгөрөөв. ЭЗЭНий үг түүнд ирж, ЭЗЭН түүнд—Елиа, чи энд юу хийж байгаа юм бэ? гэв.
10 Тэрээр—Би түмэн цэргийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартаж, Таны тахилын ширээнүүдийг нураан, Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна хэмээн өчив.