Хаадын Дээд 20:25-31 АБ2004

25 Алдсан цэргээ, морийг мориор, тэргийг тэргээр нь нөхөж цуглуул. Тэгээд израильчуудтай тал газарт тулалдах бөгөөд бид үнэхээр тэднээс хүчтэй байх болно гэв. Хаан тэднийг сонсож, тийнхүү хийв.

26 Дараагийн жилийн эхэнд Бен-хадад арамейчуудыг цуглуулан, Израилийн эсрэг дайтахаар Афек уруу явлаа.

27 Израилийн хөвгүүд ч цугларан, хоол хүнсээр хангуулан, тэдэнтэй уулзахаар явлаа. Израилийн хөвгүүд тэдний өмнө хоёр хэсэг багахан ямаан сүрэг шиг хуарагнав. Харин арамейчууд тал газрыг дүүргэсэн.

28 Тэгэхэд Бурханы хүн ойртон ирж, Израилийн хаанд хандан—ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Арамейчууд «ЭЗЭН бол уулын бурхан болохоос тал газрын бурхан биш» гэж хэлсэн учир Би энэ их цэргийг чиний гарт өгнө. Тэгээд Намайг ЭЗЭН мөн гэдгийг чи мэдэх болно” хэмээв гэж хэллээ.

29 Долоо хоногийн турш тэд бие биенийхээ эсрэг хуарагнан байв. Долоо дахь өдөр тулалдаан эхэлж Израилийн хөвгүүд нэг өдрийн дотор арамейчуудаас зуун мянган явган цэргийг устгалаа.

30 Харин үлдэгсэд нь Афек хот уруу зугтсан бөгөөд үлдсэн хорин долоон мянган цэргийн дээр хотын хана нуран уналаа. Бен-хадад зугтан, хот дотор нэгэн дотоод танхим уруу орсон байв.

31 Түшмэд нь түүнд—Харагтун. Израилийн гэрийн хаадыг өршөөлт хаад гэж бид сонссон юм. Бид ууц нуруундаа таар өмсөж, толгойдоо олс уяад, Израилийн хаан уруу гарч очъё. Тэрээр таны амийг өршөөж магадгүй гэж зөвлөв.