Хаадын Дээд 21:8-14 АБ2004

8 Иезебел Ахабын нэрээр захидлууд бичээд, тамгаар нь лацдан Наботтай хамт хотод нь амьдарч байсан ахмадуудад болон язгууртнуудад эдгээр захидлуудыг илгээв.

9 Тэрээр захидлууд дотроо ингэж бичсэн байлаа. “Мацаг барих өдрийг тунхаглан Наботыг хүмүүсийн тэргүүнд суулга.

10 Түүний хажууд хоёр үл бүтэх хүнийг суулгаж, тэд нараар Наботын эсрэг «Чи Бурханыг болон хааныг хараасан» гэж гэрчлүүл. Тэгээд түүнийг гаргаж, чулуудан ал” гэсэн байв.

11 Түүний хотын хүмүүс болох ахмадууд ба язгууртнууд Иезебелийн өөрсдөд нь илгээсэн үгийн дагуу буюу түүний захианд бичсэний дагуу үйлджээ.

12 Тэд мацаг барих өдрийг тунхаглан, Наботыг хүмүүсийн тэргүүнд суулгав.

13 Тэгтэл хоёр үл бүтэх хүн орж ирж, түүний өмнө суув. Тэгээд өнөөх үл бүтэх этгээд нь Наботын эсрэг хүмүүсийн өмнө гэрчлэл хийж,—Набот Бурхан ба хааныг хараасан юм гэв. Тэд Наботыг хотоос гадагш гарган түүн уруу чулуу шидлэн алжээ.

14 Ингээд тэд—Набот уруу чулуу шидэж алжээ хэмээх үгийг Иезебелд илгээжээ.