Хаадын Дээд 22:28-34 АБ2004

28 Микаиа—Хэрэв та үнэхээр эсэн мэнд буцаж ирвэл ЭЗЭН надаар дамжуулан яриагүй гэсэн үг гээд,—Бүх ард түмэн, сонсогтун гэв.

29 Ингээд Израилийн хаан, Иудагийн хаан Иехошафат нар Рамот-гилеадын эсрэг хөдлөв.

30 Израилийн хаан Иехошафатад хандан—Би зүсээ хувиргаад, тулалдаанд орно, харин та өөрийн нөмрөгүүдээ өмсөгтүн гэв. Израилийн хаан зүсээ хувиргаад тулалдаанд орлоо.

31 Арамын хаан морин тэрэгнүүдийнхээ гучин хоёр ахмадад тушаан,—Та нар бага томтой нь бүү тулалд, харин зөвхөн Израилийн хаантай л тулалдагтун гэв.

32 Морин тэрэгний ахмадууд Иехошафатыг хараад,—Тэр хүн Израилийн хаан мөн байна гээд түүнтэй тулалдахаар эргэтэл Иехошафат хашхирчээ.

33 Морин тэрэгний ахмадууд түүнийг Израилийн хаан биш болохыг мэдэнгүүтээ түүнийг хөөхөө болин эргэв.

34 Нэгэн цэрэг нум сумаараа харваад орхитол, Израилийн хааныг хуягных нь завсраар оножээ. Хаан морин тэрэгнийхээ хөтчид—Эргээрэй, намайг тулалдааны талбараас авч гар. Би хүнд шархадлаа гэж хэлэв.