Хаадын Дээд 4:27-33 АБ2004

27 Орон нутгийн захирагчид хариуцсан сардаа Соломон хаанд болон хааны ширээнд ирэх бүх хүмүүст хүнсний зүйлсийг дутагдахгүйгээр хангадаг байлаа.

28 Тэд бас адуу болон хурдан морьдын идэх арвай, сүрлийг тус тусын үүргийн дагуу байх ёстой газарт нь нийлүүлж байв.

29 Бурхан Соломонд мэргэн ухаан, ухааран ялгах чадвар болон гүн ойлгох чадварыг далайн эргийн элс шиг ихээр өгчээ.

30 Соломоны мэргэн ухаан дорнын бүх хөвгүүдийн мэргэн ухаанаас ч, Египетийн бүх мэргэн ухаанаас ч даван гарчээ.

31 Тэр бүх хүмүүсээс төдийгүй, езра хүн Етан, Махолын хөвгүүд Хеман, Калгол болон Дардагаас ч илүү мэргэн байсан бөгөөд нэр алдар нь эргэн тойрны бүх үндэстнүүдийн дунд дуурсгагдав.

32 Тэр гурван мянган сургаалт үг хэлж, нэг мянга таван дуу зохиосон.

33 Тэрээр Ливаны хуш модноос эхлээд ханан дээгүүр ургадаг хиссоп ургамал хүртэл, мөн ан амьтад, шувууд, хэвлээр явагчид, загасны талаар хүртэл ярьдаг байв.