Хаадын Дээд 6:4-10 АБ2004

4 Өргөөнд зориулж тэрээр нарийхан сараалжин цонхнууд хийв.

5 Гол танхим ба дотоод ариун газрыг хамруулсан өргөөний ханануудыг тойруулан тэдгээртэй зэрэгцээ барилга барьжээ. Ийнхүү эргэн тойронд тэрээр хажуугийн өрөөнүүдийг бий болгов.

6 Доод давхрын өрөөнүүд таван тохой, дунд давхрынх нь зургаан тохой, дээд давхрынх нь долоон тохой өргөн байв. Дүнзнүүдийг өргөөний ханатай залгахгүйн тулд гадна талд өргөөний хананы эргэн тойронд тэрээр давхар дам нуруу хийж өгөв.

7 Өргөөг босгох үед чулууны ил уурхайд сайтар өнгөлж боловсруулсан чулуугаар барьсан тул алх эсвэл сүх эсвэл ямар ч төмөр багажны чимээ огтхон ч дуулдаагүй юм.

8 Хамгийн доод давхрын хажуугийн өрөөнд орох хаалгыг өргөөний баруун талд гаргажээ. Эндээс мушгирсан шатаар дунд давхар уруу, дунд давхраас дээд давхар уруу өгсдөг байлаа.

9 Тэрээр өргөөг барьж дуусаад, хуш модон банз, дүнзээр бүрэв.

10 Түүнчлэн тэр өргөөний харалдаа тус бүр таван тохой өндөр өрөөнүүд байгуулсан ба тэдгээр нь өргөөтэй хушин хөндлөвчөөр холбогдож байлаа.