Хаадын Дээд 7:22-28 АБ2004

22 Баганануудын оройд сараана цэцгэн чимэглэл байв. Ийнхүү баганыг босгох ажил өндөрлөжээ.

23 Түүний дараа тэрээр тойрог хэлбэртэй цутгамал тэнгис хийсэн бөгөөд амсраас нь нөгөө амсар хүртэл арван тохой, таван тохой өндөр, тойрог нь гучин тохой хэмжээтэй сав байлаа.

24 Амсрынх нь доор тэнгисийг бүтэн тойруулж хоёр эгнээ хулуу урлажээ. Ингэхдээ нэг тохой бүрд арван хулуу байрлуулсан бөгөөд савтай нь цуг цутгаж хийсэн байв.

25 Тэнгисийг арван хоёр үхэр дээр байрлуулсан байв. Тэдгээрийн гурав нь хойт зүг, гурав нь баруун зүг, гурав нь өмнө зүг, нөгөө гурав нь зүүн зүг харсан байжээ. Тэнгис нь тэдний дээр тогтож, үхрүүд бүгд ууцаа дотогшоо харуулсан байв.

26 Тэнгис нь алганы эн шиг зузаан, амсар нь аяганы амсар шиг хэлбэртэй буюу сараана цэцгийн дэлбээ шиг байв. Багтаамж нь хоёр мянган бат байв.

27 Дараа нь тэрээр хүрлээр арван тавиур хийжээ. Тавиур тус бүр дөрвөн тохой урт, дөрвөн тохой өргөн, гурван тохой өндөр байлаа.

28 Тавиуруудын загвар нь ийм байв: тэдгээр нь хүрээтэй бөгөөд самбаруудын хооронд ч хүрээтэй байжээ.