1 Соломон ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот Сионоос залахаар Израилийн бүхий л ахмадуудад болон бүх овгийн удирдагчид болох Израилийн хөвгүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчдийг Иерусалимд өөр уруугаа цуглуулав.
2 Израилийн бүх эрчүүд Соломон хааны найрт долдугаар сар буюу Етаним сард цугларав.
3 Ингээд Израилийн бүх ахмадууд ирж, тахилч нар авдрыг өргөн авав.
4 Тахилч нар ба левичүүд ЭЗЭНий авдар, хурлын майхан болон дотор нь байсан бүх ариун эд зүйлсийг авчрав.
5 Соломон хаан болон түүний өмнө цугласан бүх Израилийн чуулган хамтдаа авдрын өмнө тоолж тооцоолж барахгүй их хонь, үхрээр тахил өргөлөө.
6 Дараа нь тахилч нар ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун газар буюу хамгийн ариун газарт оруулан, херубуудын далавч доор байранд нь заллаа.