Хаадын Дээд 8:33-39 АБ2004

33 Таны ард түмэн Израиль Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж дайсандаа ялагдах үед, хэрэв тэд Тань уруу дахин эргэж, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, залбиран энэ өргөөнд Танд хандан хүсэлт гаргавал,

34 Та тэнгэрээс сонсож, Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, өвөг дээдэст нь Таны өгсөн газар уруу, тэднийг буцаан ирүүлж өгөөрэй.

35 Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж тэнгэр хаагдаж, хур бороо үгүй болоход тэд энэ газар уруу чиглэн залбирч, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, Та тэднийг зовооход тэд нүглээсээ эргэвэл,

36 Та тэнгэрээс сонсон, Өөрийн боолууд болон Өөрийн ард түмэн Израилийн гэмийг уучилж, тэдний амьдран явбал зохих сайн замыг тэдэнд заан өгөөч. Өөрийн ард түмэнд өв болгон өгсөн Өөрийн газартаа дахин хур бороог буулган өгөөрэй.

37 Хэрэв энэ газарт өлсгөлөн болж, тахал өвчин гарч, үр тариа хатан, ган гачиг болж, царцаан сүрэг ба төөлүүрийн сүрэг ирвэл, дайснууд нь тэднийг хотуудынх нь нутаг дотор бүслэн авбал, элдвийн гамшиг өвчин нөмрөх үед,

38 хүн бүр зүрх сэтгэлийнхээ цөхрөлийг мэдэж, гараа энэ өргөө уруу сунган залбирсан ямар ч хүн, эсвэл Таны бүх ард түмэн Израилийн аливаа залбирал, хүсэлтийг

39 Та тэнгэр дэх Өөрийн орших газартаа сонсон, уучилж өршөөгөөрэй. Зөвхөн Та л хүний хөвгүүд нэг бүрийн зүрх сэтгэлийг мэдэх учир тус тусынх нь үйлийн дагуу хүн бүрд тохируулан өгөөрэй.