Хаадын Дээд 8:59-65 АБ2004

59 ЭЗЭНий өмнө хүссэн гуйсан миний эдгээр үгс өдөр шөнөгүй бидний Бурхан ЭЗЭНд ойр байх болтугай. Ингэснээр өдөр бүрийн хэрэгцээний дагуу Түүний боол ба Түүний ард түмэн болох Израильд тэрээр тусалж өгөх болтугай.

60 Үүнээс дэлхийн бүх ард түмэн ЭЗЭН бол Бурхан бөгөөд өөр бурхан байдаггүй юм гэдгийг ойлгох болтугай.

61 Тийм учраас өнөөдөр байгаа шиг нийлж, Түүний тушаалуудыг сахин, Түүний зарлиг дотор явахын тулд та нарын зүрх сэтгэл ЭЗЭН Бурхандаа бүрэн зориулагдах болтугай гэж хэлэв.

62 Тэгээд хаан болон түүнтэй хамт байсан бүх Израиль ЭЗЭНий өмнө өргөл өргөв.

63 Соломон ЭЗЭНд зориулан эвийн тахилын өргөлд хорин хоёр мянган үхэр, зуун хорин мянган хонь өргөв. Хаан ба Израилийн бүх хөвгүүд ЭЗЭНий өргөөг ЭЗЭНд зориулсан юм.

64 Тэр өдөртөө хаан шатаалт тахил, идээн өргөл ба эвийн тахилын өөхийг өргөхийн тулд ЭЗЭНий өргөөний өмнө байрлах талбайн төвийг ариусгасан юм. Яагаад гэвэл ЭЗЭНий өмнө байх тахилын хүрэл ширээ нь шатаалт тахил, идээн өргөл, эвийн тахилын өөхийг багтааж чадахгүй дэндүү жижиг байлаа.

65 Тэр үед Соломон болон түүнтэй хамт Хаматын хоолойноос Египетийн горхи хүртэлх асар их чуулган буюу бүх Израиль долоо хоног бас дахин долоо хоног, нийтдээ арван дөрвөн хоног ЭЗЭНий өмнө баяр наадмыг сахив.