Шастирын Дээд 11:19-25 АБ2004

19 Өөрийн Бурханы өмнө үүнийг үйлдэх явдал нь надаас хол байг! Өөрсдийн амиараа дэнчин тавьж явсан эдгээр хүмүүсийн цусыг би уух гэж үү? Учир нь тэд энэ усыг өөрсдийн амиар дэнчин тавьж авчирсан юм гэж хэлсэн юм. Тэгээд тэр усыг уусангүй. Энэ гурван хүчит эрийн үйлдсэн нь ийм болой.

20 Иоабын дүү Абшаи мөнөөх гучийн тэргүүн нь байв. Тэр гурван зуун хүний эсрэг жадаа эргүүлэн тэднийг алсан билээ. Тэр мөнөөх гучийн адил нэр хүндтэй байв.

21 Тэр нь энэ шилдэг гучин хүнээс хамгийн ихээр хүндлэгдэн дээдлэгдсэн нь билээ. Тэрээр тэдний жанжин болсон боловч тэргүүн гуравтай дүйцэхгүй.

22 Иехоиадагийн хүү Бенаиа бол Кабзеелын зоригт эрийн хүү бөгөөд Моабын Ариелын хоёр хүүг цохиж алсан агуу үйлстэй хүн байв. Цас бударсан нэгэн өдөр тэрээр нүх уруу орж, арслан агнасан билээ.

23 Тэрээр таван тохой өндөр, үлэмж аварга египет хүнийг алсан юм. Тэр египет хүний гар дахь жад нь нэхмэлчний гогдогч зүү мэт байсан боловч Бенаиа түүн уруу нэг саваа барьж очоод өнөөх египет хүний гараас жадыг нь булаан авч, жадаар нь түүнийг хороосон юм.

24 Иехоиадагийн хүү Бенаиа эдгээр зүйлсийг үйлдсэн бөгөөд тэр гурван хүчит эрийн нэгэн адил нэртэй байв.

25 Үзэгтүн, тэр гучин хүний дунд хүндлэлийг олсон боловч өнөөх гуравтай дүйцэхгүй болой. Давид түүнийг өөрийн хамгаалагч болгон томилсон билээ.