Шастирын Дээд 27 АБ2004

1 Энэ бол Израилийн хөвгүүд, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд болох мянгат, зуутын дарга нар болон бүлгүүдийн хамаг хэрэгт хаанд үйлчилдэг түшмэдийн тооллого юм. Тэрхүү бүлгүүд тус бүрдээ хорин дөрвөн мянган хүнтэй бөгөөд жилийн бүх сарын туршид сар бүр солигддог байв.

2 Забдиелын хүү Иошобеам нь нэгдүгээр сард алба хаах нэгдүгээр бүлгийг захирдаг байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.

3 Тэрээр Перезийн хөвгүүдээс гаралтай бөгөөд нэгдүгээр сарын хувьд их цэргийн бүх дарга нарын тэргүүлэгч байв.

4 Ахо хүн Додаи болон түүний бүлэг нь хоёрдугаар сард алба хаах бүлгийг хариуцаж байв. Түүний бүлгийн ахлах түшмэл Миклот юм. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.

5 Гуравдугаар сард их цэргийн гурав дахь жанжин буюу тэргүүлэгч бол тахилч Иехоиадагийн хүү Бенаиа юм. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.

6 Энэ Бенаиа нь гучин баатрын дотроос хүчирхэг нэгэн бөгөөд уг гучийг захирдаг байв. Түүний бүлгийн захирагчаар түүний хүү Аммизабад байжээ.

7 Дөрөвдүгээр сард дөрөв дэх нь Иоабын дүү Асахел болон удаах нь түүний хүү Зебадиа болой. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.

8 Тавдугаар сард тав дахь нь Изра хүн ахлагч Шамхут байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.

9 Зургадугаар сард зургаа дахь нь текои хүн Иккешийн хүү Ира болой. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.

10 Долдугаар сард долоо дахь нь Ефраимын хөвгүүдээс гаралтай пелон хүн Хелез байв. Түүний бүлэгт хорин дөрвөн хүн байжээ.

11 Наймдугаар сард найм дахь нь зерачуудаас гаралтай хушат хүн Сиббекаи болой. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.

12 Есдүгээр сард ес дэх нь бениаминчуудаас гаралтай анатот хүн Абиезер байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.

13 Аравдугаар сард арав дахь нь зерачуудаас гаралтай Нетофат хүн Махараи байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.

14 Арван нэгдүгээр сард арван нэг дэх нь Ефраимын хөвгүүдээс гаралтай пиратон хүн Бенаиа болой. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.

15 Арван хоёрдугаар сард арван хоёр дахь нь Отниелын нетофат хүн Хелдаи байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.

16 Израилийн овгуудыг хариуцахаар реубенчүүдийн ахлах түшмэл нь Зихрийн хүү Елиезер, симеончуудад Маакагийн хүү Шефатиа,

17 Левид Кемуелийн хүү Хашабиа, Ааронд Задок,

18 Иудад Давидын ах нарын нэг болох Елиху, Иссахарт Микаелын хүү Омри,

19 Зебулунд Обадиагийн хүү Ишмаиа, Нафталид Азриелын хүү Иеремот,

20 Ефраимын хөвгүүдэд Азазиагийн хүү Хошеа, Манассегийн хагас овогт Педаиагийн хүү Иоел,

21 Гилеад дахь Манассегийн хагас овогт Зехариагийн хүү Иддо, Бениаминд Абнерын хүү Иаасиел,

22 Данд Иерохамын хүү Азарел нар болой. Эдгээр нь Израилийн овгуудын ноёд байв.

23 Харин ЭЗЭН израильчуудыг тэнгэрийн одод мэт олон болгоно хэмээн айлдсан учраас Давид хорин настай болон түүнээс дооших насны хүмүүсийг тоолсонгүй.

24 Зеруиагийн хүү Иоаб тэднийг тоолж эхэлсэн боловч дуусгаагүй. Үүнээс болж Бурханы уур хилэн Израиль дээр буугаад тэдний тоо Давид хааны Шастирын бүртгэлд ороогүй билээ.

25 Адиелын хүү Азмавет хааны агуулахыг хариуцав. Уззиагийн хүү Ионатан нь хөдөө, хот, тосгон, цайзууд дахь агуулахуудыг хариуцав.

26 Келубийн хүү Езри нь газар хөрс боловсруулж байсан ажилчдыг хариуцсан байв.

27 Рамат хүн Шимеи усан үзмийн талбайг хариуцав. Шифмит хүн Забди дарсны агуулахуудад хадгалагдсан усан үзмийн ургацыг хариуцав.

28 Гедер хүн Баал-ханан нь Шефела дахь чидун мод, ялам моддыг хариуцав. Тосны агуулахыг Иоаш хариуцав.

29 Шаронд бэлчиж буй үхэр сүргийг Шарон хүн Шитраи хариуцав. Адлаигийн хүү Шафат хөндийнүүдэд байх үхэр сүргийг хариуцав.

30 Ишмаел хүн Обил тэмээнүүдийг, меронот хүн Иедеиа илжигнүүдийг хариуцав.

31 Хагри хүн Иазиз нь хонин сүргийг хариуцав. Эд бүгд Давид хааны харьяалагдах хөрөнгөний харгалзагчид байв.

32 Бас Давидын авга ах Ионатан ухаантай зөвлөгч бөгөөд гүүш байв. Хахмонийн хүү Иехиел нь хааны хөвгүүдийг асарч байв.

33 Ахитофел нь хааны зөвлөх, архе хүн Хушаи нь хааны анд байв.

34 Бенаиагийн хүү Иехоиада, Абиатар нар Ахитофелыг залгамжилжээ. Иоаб нь хааны их цэргийн жанжин байв.

Бүлэг

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29