Шастирын Дээд 28 АБ2004

1 Давид Израилийн бүх түшмэд, овгуудын захирагчид, хаанд үйлчилдэг хэсгүүдийн ахлагчид, мянгатын, зуутын дарга нар, хаан болон хааны хөвгүүдэд харьяалагдах бүх эд хөрөнгө, мал сүргийн харгалзагчид, түшмэд, хүчит эрс болох бүх зоригт баатруудыг Иерусалимд цуглуулжээ.

2 Тэгээд Давид хаан хөл дээрээ босон,—Миний ах дүүс болон миний ард түмэн, намайг сонсогтун. Би ЭЗЭНий гэрээний авдар болон бидний Бурханы хөлийн тавиуранд зориулан байнгын өргөө барихыг хүссэн юм. Иймээс би түүнийг барихад бэлтгэсэн билээ.

3 Гэвч Бурхан надад “Чи дайнч хүн ба цус урсгасан тул Миний нэр алдарт зориулан сүм барьж болохгүй” гэж айлдсан билээ.

4 Гэсэн ч ЭЗЭН болох Израилийн Бурхан намайг мөнхөд Израилийн хаан болгохоор миний эцгийн бүх гэрээс намайг сонгосон юм. Учир нь Тэрээр Иудаг удирдагчаар сонгосон юм. Иудагийн гэр, миний эцгийн гэр болон миний эцгийн хөвгүүдийн дундаас Тэрээр намайг бүх Израилийн хаан болгохоор таалан соёрхсон билээ.

5 Миний бүх хөвгүүнээс (учир нь ЭЗЭН надад олон хөвгүүд өгсөн) Тэрээр миний хүү Соломоныг Израиль дахь ЭЗЭНий хаанчлалын сэнтийд залахаар сонгов.

6 Тэр надад айлдахдаа “Миний өргөө болон Миний хашаануудыг барих хүн бол чиний хүү Соломон юм. Учир нь Би түүнийг Өөрийн хөвгүүн болгохоор сонгосон бөгөөд Би түүнд эцэг нь байх болно.

7 Тэрээр одоо үйлддэг шигээ Миний тушаал, Миний заавруудыг чармайн сахивал, Би түүний хаанчлалыг үүрд мөнхөд тогтооно” гэсэн юм.

8 Иймээс одоо, та нар ЭЗЭНий чуулган болох бүх Израилийн нүдний өмнө, бидний Бурханы сонорт өөрсдийн Бурхан ЭЗЭНий бүх тушаалыг сахин мөрдөхөө хэлэгтүн. Тэгвэл та нар энэ сайхан газрыг эзэмшиж, түүнийгээ өөрсдийн үр удамд мөнхөд өвлүүлэх болно.

9 Миний хүү Соломон оо, өөрийн эцгийн Бурханыг таньж мэдэн, бүх зүрх болон оюун ухаанаараа Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН бүх зүрхнүүдийг шалгаж, бодол санааны хандлага бүрийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Түүнийг олно. Харин чи Түүнийг умартах аваас, Тэр чамайг мөнхөд орхино.

10 Ариун газарт зориулан өргөөг бариулахаар ЭЗЭН чамайг сонгосон тул одоо үүнийг анхааралдаа ав. Зоригтой байж, үйлдэгтүн хэмээв.

11 Дараа нь сүмийн үүдний танхим, түүний барилга байгууламж, түүний агуулахууд, түүний дээд өрөөнүүд, түүний дотор өрөөнүүд болон өршөөлийн суудалд зориулсан өрөө зэргийн загвар зургийг Давид өөрийн хүү Соломонд өгөв.

12 Бас Ариун Сүнсний түүнд зааж өгсөн ёсоор ЭЗЭНий өргөөний хашаанууд, эргэн тойрны бүх өрөө, Бурханы өргөөний агуулахууд болон өргөгдсөн зүйлсийн агуулахуудын талаар бүх загвар зургийг өгөв.

13 Мөн тахилч нар болон левичүүдийн бүлгүүд, ЭЗЭНий өргөөний үйлчлэлийн бүх ажил, ЭЗЭНий өргөөн дэх үйлчлэлийн бүх эд хэрэглэлийн талаар тайлбарлажээ.

14 Мөн бүх төрлийн үйлчлэлд хэрэглэх алтан сав суулгануудын алтны жин буюу алтан сав суулганууд, бүх төрлийн үйлчлэлд хэрэглэх мөнгөн сав суулгануудын мөнгөний жин буюу мөнгөн сав суулганууд,

15 алтан дэнлүүний сууринд зориулсан алтны жин болон тэдгээрийн алтан дэнлүүнүүд, мөнгөн дэнлүүний сууринд зориулсан мөнгөний жин, дэнлүүний суурь бүрийн зориулалтын дагуу тэдгээрийн болон дэнлүүнийх нь жин,

16 мөн ил тавих талхны ширээнд зориулан ширээ бүрийн алтны жин, мөнгөн ширээнүүдэд зориулсан мөнгөний жин,

17 бас шижир алтан сэрээ, тогоо, савнууд, мөн алтан аягануудад тус бүрийнх нь жинг, мөнгөн аягануудад зориулсан тус бүрийнх нь жингийн талаар тогтоож өгчээ.

18 Мөн утлагын тахилын ширээг хийх цэвэршүүлсэн алтны жин, тэрэгний загварын алт болон ЭЗЭНий гэрээний авдрыг далавчаа дэлгэн бүрхсэн херубууд зэргийн загвар зургийг өгчээ.

19 Давид—Дээрх зүйлс буюу энэ бүх загварыг надад бууж ирсэн ЭЗЭН Өөрийн мутраар бичин, надад мэдүүлж өгсөн юм гэв.

20 Тэгээд Давид өөрийн хүү Соломонд хандан—Тууштай бөгөөд зоригтой байж үйлдэгтүн. Миний Бурхан болох Бурхан ЭЗЭН чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл Тэр чамайг хаяхгүй, чамайг мартахгүй.

21 Одоо харагтун, Бурханы өргөөний бүх үйлчлэлийн төлөөх тахилч нар ба левичүүдийн багууд болон юунд ч чадварлаг сайн дурын урчууд бүх төрлийн үйлчлэлийн бүх ажилд чамтай хамт байх болно. Бас түшмэд болон бүх ард түмэн чиний тушаалыг бүрэн дагах болно гэв.

Бүлэг

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29