Шастирын Дээд 12 АБ2004

1 Кишийн хөвгүүн Саулаас болж Давид Зиклагт нуугдан байх үед түүн дээр ирсэн хүмүүс нь дараах хүмүүс юм. Тэд дайн тулаанд хүчит эрсийн дунд Давидад тусалж байв.

2 Тэд нуманд гарамгай бөгөөд баруун, зүүн хоёр гараараа чулуу дүүгүүрдэх, нум сум харвах эрдэмд боловсорсон хүмүүс байв. Тэд Саулын хамаатан Бениамин гарлын хүмүүс байв.

3 Толгойлогч нь Абиезер, удаах нь Иоаш бөгөөд тэд гебеат хүн Шемаагийн хөвгүүд, мөн Азмаветын хөвгүүд болох Иезиел, Пелет нар, Берака, анатот хүн Иехү

4 мөнөөх гучийн тэргүүлэгч, тэдний дунд хүчирхэг эр болох гибеон хүн Ишмаиа, тэгээд Иеремиа, Иахазиел, Иоханан, гедера хүн болох Иозабад,

5 Елузаи, Иеримот, Беалиа, Шемариа, харуф хүн болох Шефатиа,

6 коратчууд болох Елканан, Исшиа, Азарел, Иоезер, Иашобеам,

7 Гедорын Иерохамын хөвгүүд Иоела, Зебадиа нар болой.

8 Гадчуудаас бамбай, жад эзэмшиж дадсан, дайнд шалгарсан эрэлхэг зоригтой эрс нь цөл дэх цайзад байсан Давид уруу хүрч ирэв. Тэдний царай нь арслангийн төрхтэй адил бөгөөд уулын бор гөрөөстэй адил хурдан болой.

9 Нэг дэх нь Езер, хоёр дахь нь Обадиа, гурав дахь нь Елиаб,

10 дөрөв дэх нь Мишманна, тав дахь нь Иеремиа,

11 зургаа дахь нь Аттаи, долоо дахь нь Елиел,

12 найм дахь нь Иоханан, ес дэх нь Елзабад,

13 арав дахь нь Иеремиа, арван нэг дэх нь Макбанаи болой.

14 Гадын хөвгүүдээс эдгээр нь цэргийн дарга нар юм. Дорой нэг нь зуутыг, агуу нэг нь мянгатыг захирав.

15 Нэгдүгээр сард тэд Иордан гол бүх эргээ халин үерлэж байхад нь гатлан гарч, хөндий дэх бүх хүнийг зүүн, баруун зүг уруу хөөн бутаргав.

16 Дараа нь Бениамин болон Иудагийн хөвгүүдийн зарим нь бэхлэлтэд байсан Давид уруу хүрч ирэв.

17 Давид тэднийг угтан гарч,—Хэрэв та бүхэн надад туслахаар сайн санаагаар над уруу ирсэн бол, миний сэтгэл та нартай нэгдэх болно. Харин миний гарт ямар ч буруу үгүй байхад, хэрэв та нар надаас урван миний дайснууд уруу хандах аваас бидний эцэг өвгөдийн Бурхан үүнийг хараад, шийдэх болтугай гэж хэлэв.

18 Тэр үед мөнөөх гучин хүний толгойлогч Амасаигийн дээр Сүнс буун ирж—Давид аа, бид таных, Иессийн хүү минь, бид тантай хамт байна. Энх амгалан, амар тайван танд оршиг! Танд туслагч нэгэнд амар тайван нь оршиг! Үнэхээр таны Бурхан таныг дэмждэг билээ гэж хэлсний дараа Давид тэднийг хүлээн авч, тэднийг бүлгийн толгойлогчоор тавив.

19 Давид филистчүүдтэй хамтран Саулын эсрэг дайтахаар явах гэж байтал түүн уруу Манассегаас хэсэг хүмүүс ирэв. Гэвч тэд филистчүүдэд тусалж чадсангүй. Юу гэвэл, Филистийн ноёд зөвлөлдсөний дараа—Бидний толгойн үнээр тэр өөрийн эзэн Саулд бууж өгөхгүй гэж үү? гээд Давидыг холдуулан явуулав.

20 Давид Зиклаг уруу явах үед, тэнд түүн уруу Манассегаас урван ирсэн хүмүүс гэвэл Адна, Иозабад, Иедиаел, Михаел, Иозабад, Елиху, Зиллетай нар буюу Манассед харьяалагдах мянгатын дарга нар болой.

21 Тэд бүгд эрэлхэг хүчит дайчид бөгөөд цэргийн дарга нар байсан тул дээрэмчдийн бүлгүүдийн эсрэг Давидад туслав.

22 Учир нь Давидад туслахаар өдрөөс өдөрт хүмүүс ирсээр Бурханы цэрэг мэт агуу их цэргийг бүрэлдүүлэв.

23 ЭЗЭНий үгийн дагуу Саулын хаанчлалыг Давидад эргүүлэхийн тулд Хебронд буй Давид уруу хүрч ирсэн, зэвсэглэсэн бүлэглэлүүдийн тоо нь дараах болой.

24 Бамбай, жад үүрсэн, дайтахаар зэвсэглэсэн Иудагийн хөвгүүд нь зургаан мянга найман зуу байв.

25 Симеоны хөвгүүдээс дайнд эрэмгий долоон мянга нэг зуун хүчит эр байв.

26 Левийн хөвгүүдээс дөрвөн мянга зургаан зуун хүн байв.

27 Иехоиада нь Аароны бүлийн удирдагч байсан бөгөөд түүний хамт гурван мянга долоон зуун хүн,

28 мөн эрэлхэг дайчин залуу Задок болон түүний эцгийн бүлээс хорин хоёр ахмад байв.

29 Саулын төрөл садан болох Бениамины хөвгүүдээс гурван мянган хүн байв. Тэдний ихэнх хэсэг нь өнөөг хүртэл Саулын гэрт үнэнч хэвээр байна.

30 Ефраимын хөвгүүдээс хорин мянга найман зуун эрэлхэг дайчин эр байсан бөгөөд тэд өөрсдийн эцгүүдийн бүлүүдэд нэртэй хүмүүс байв.

31 Манассегийн хагас овгоос Давидыг хаан болгохын тулд сонгогдсон арван найман мянган эрс байв.

32 Иссахарын хөвгүүдээс цаг үеэ мэдэрч, Израиль юу хийх ёстой талаар мэддэг хүмүүс байв. Тэдний хоёр зуун удирдагч нь өөрсдийн бүх төрөл садангаа дагуулан ирсэн байлаа.

33 Зебулунаас байлдааны бэлтгэлтэй, бүх төрлийн зэвсэг агссан, хоёргүй сэтгэлээр Давидад туслахаар цугларсан цэрэг нь тавин мянга байв.

34 Нафталиас мянган ахмадууд ба тэдэнтэй хамт бамбай жадтай гучин долоон мянган эр байв.

35 Данчуудаас тулалдааны бэлтгэлтэй хорин найман мянга зургаан зуун хүн байв.

36 Ашераас тулалдааны бэлтгэлтэй дөчин мянган хүн байв.

37 Иорданы нөгөө талаас буюу Реубен, Гад, Манассегийн хагас овгоос байлдааны төрөл бүрийн зэвсэг агссан зуун хорин мянган цэрэг ирэв.

38 Тулалдааны бэлтгэлтэй эдгээр бүх дайчид Давидыг бүх Израилийн хаанаар өргөмжилнө гэсэн цэвэр итгэлтэйгээр Хебронд иржээ. Израилийн үлдсэн хүмүүс ч бүгд Давидыг хаанаар өргөмжлөх нэгэн санаатай байв.

39 Тэдний төрөл садангууд нь тэдэнд хоол бэлтгэн өгсөн тул тэд идэж, уусаар Давидтай хамт гурван хоног тэнд байв.

40 Үүнчлэн тэдний ойр орчмынхон буюу бүр Иссахар, Зебулун, Нафталиас ч илжиг, тэмээ, луус, үхэр дээр хүнс ачин, гурилан боов, инжиртэй талх, хатаасан үзэм, усан үзмийн дарс, тос, үхэр, хонийг маш ихээр авчрав. Израильд үнэхээр баяр хөөртэй байлаа.

Бүлэг

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29