Шастирын Дээд 19 АБ2004

1 Үүний дараа Аммоны хөвгүүдийн хаан Нахаш үхэж, түүний хүү оронд нь хаан болов.

2 Тэгэхэд Давид—Хануны эцэг Нахаш надад энэрэл үзүүлсэн тул би ч хүүд нь энэрэл үзүүлнэ гэж хэлэв. Ингээд аавынх нь талаар хүүг тайтгаруулахаар Давид элч нарыг илгээв. Давидын элч нар Хануныг тайтгаруулахаар Аммоны хөвгүүдийн нутагт ирэв.

3 Гэвч Аммоны хөвгүүдийн ноёд Ханунд хандан—Тайтгаруулагчдыг чам уруу илгээснээрээ Давид чиний эцгийг хүндэлж байгаа гэж чи бодож байна уу? Түүний түшмэд энэ газрыг судалж, устгахын тулд тагнахаар ирсэн биш гэж үү? гэв.

4 Тиймээс Ханун Давидын түшмэдийг барьж, сахлыг нь хусаад, өмссөн хувцсыг нь өгзөг хавиар, голоор нь тайраад, буцаан явуулав.

5 Хэдэн хүн явж Давидад элч нарынх нь тухайд айлтгав. Өнөөх хүмүүст маш ихээр доромжлуулсан тул Давид тэдэн уруу хүн илгээжээ. Хаан тэдэнд—Та нарын сахал ургаж гүйцэх хүртэл Иериход үлдээд, дараа нь буцаж ирэгтүн хэмээн хэлүүлэв.

6 Аммоны хөвгүүд Давидад жигшигдэх хэрэг үйлдсэнээ мэдээд, Ханун болон Аммоны хөвгүүд өөрсдөдөө тэрэг ба морьт цэргүүдийг Месопотами, Араммаака болон Зобагаас хөлслөн авахаар мянган мөнгөн талантыг илгээв.

7 Тэд өөрсдөдөө гучин хоёр мянган тэрэг, Маакагийн хаан болон түүний хүмүүсийг хөлслөн авав. Тэд ирж, Медебагийн өмнө хуарагнан буув. Аммоны хөвгүүд ч өөрсдийн хотуудаас хуран цуглаж, дайтахаар ирэв.

8 Давид үүнийг сонсоод, Иоаб болон хүчирхэг эрчүүдээс бүрдсэн бүх цэргээ илгээв.

9 Аммоны хөвгүүд гарч ирэн, хотын орох хаалган дээр дайтахад бэлтгэн жагсаж, ирсэн хаад ч өөрсдийн цэргээ хээр талд байрлуулав.

10 Тулалдаан урд талд болон араар нь өөрийнх нь эсрэг өрнөж байгааг Иоаб хараад, бүх цэргээс Израилийн шилдэг дайчдыг сонгон авч, тэд арамейчуудын эсрэг жагсан байрлав.

11 Харин үлдсэн хүмүүсийг Иоаб өөрийн дүү Абишаигийн гарт даатгав. Тэд Аммоны хөвгүүдийн эсрэг жагсан байрлажээ.

12 Иоаб өгүүлэхдээ—Хэрэв арамейчууд надаас хүчээрээ их бол чи надад туслагтун. Харин Аммоны хөвгүүд чамаас илүү хүчтэй байх аваас, би чамд тусална.

13 Хүчирхэг байж, өөрсдийн ард түмэн болон бидний Бурханы хотуудын төлөө зоригтойгоор тулалдацгаая. Мэлмийд нь сайн зүйлийг ЭЗЭН үйлдэх болтугай гэв.

14 Ингээд Иоаб өөрийн хүмүүсийн хамт арамейчуудын эсрэг тулалдахаар ойртоход арамейчууд Иоабын өмнөөс зугтацгаав.

15 Аммоны хөвгүүд арамейчуудын зугтахыг хараад, өөрсдөө ч мөн Иоабын дүү Абишаигийн өмнөөс зугтан, хот уруугаа оров. Тэгээд Иоаб Иерусалимд ирлээ.

16 Арамейчууд Израильд дийлдсэнээ хараад, элч нарыг илгээн, Евфратын чанадад байх арамейчуудыг тэднийг удирдаж буй Хададезерын цэргийн жанжин Шофакийн хамтаар ирүүлэв.

17 Үүнийг Давидад мэдэгдсэнд тэрээр бүх Израилийг хамтад нь цуглуулж, Иорданыг гатлан, тэдний дээр ирж, тэдний эсрэг байрлалаа эзлэв. Давид арамейчуудын эсрэг тулалдахаар жагсангуут арамейчууд түүний эсрэг дайрав.

18 Арамейчууд Израилийн өмнөөс зугтсанд Давид арамейчуудаас долоон мянган тэрэгт цэрэг, дөчин мянган явган цэргийг устгаж, тэдний цэргийн жанжин Шофакийг ч алав.

19 Хададезерын зарц нар Израильд дийлдсэнээ хараад, Давидтай найрамдан, түүнд үйлчлэв. Ингээд арамейчууд дахин Аммоны хөвгүүдэд туслах хүсэл зориггүй боллоо.

Бүлэг

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29