1 Үүний дараа Давид филистчүүдийг ялж, тэднийг өөртөө захируулан, филистчүүдийн гараас Гат болон түүнийн гацаануудыг авав.
2 Тэрээр Моабыг ялж, моабчууд Давидын боол болж, алба гувчуур авчрав.
3 Зобагийн хаан Хададезер өөрийн захиргаагаа байгуулахаар Евфрат мөрөн уруу явж байх үед Давид түүнийг Хамат хүртэл ялжээ.
4 Давид түүнээс мянган тэрэг, долоон мянган морьтон, хорин мянган явган цэргийг олзлон авав. Давид зуун тэрэгний морьдыг өөрсдөдөө үлдээж, үлдсэн бүх тэрэгний морьдын шөрмөсийг тастжээ.
5 Дамаскийн арамейчууд Зобагийн хаан Хададезерт туслах гэж ирэхэд Давид арамейчуудаас хорин хоёр мянган хүнийг хороов.
6 Тэгээд Давид Дамаскийн арамейчуудын дунд цэргүүдийг тавьж, арамейчууд Давидын боолууд болж, алба гувчуур авчрав. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.
7 Хададезерын түшмэдэд байсан алтан бамбайнуудыг Давид булааж, Иерусалим уруу авчирлаа.