Шастирын Дээд 22:8-14 АБ2004

8 Гэвч ЭЗЭНий үг надад ирж, “Чи их цус урсган, олон дайныг өдөөсөн. Чи Миний өмнө дэлхий дээр их цус урсгасан тул Миний нэр алдрын төлөө өргөө барьж болохгүй.

9 Харагтун, чамд нэгэн хүү төрөх бөгөөд тэрээр амар амгалангийн хүн байх болно. Би түүнд эргэн тойрны бүх дайснуудаас нь хамгаалалт, амар тайвныг өгөх болно. Түүний нэр Соломон байх бөгөөд түүний амьдралын өдрүүдэд Би Израильд амар амгалан, аниргүй байдлыг өгнө.

10 Тэр Миний нэр алдрын төлөө өргөө барих бөгөөд Тэр Миний хүү болж, Би түүний эцэг болно. Би түүний хаанчлалын сэнтийг Израилийн дээр үүрд мөнхөд суурилуулах болно” гэсэн юм.

11 Миний хүү, ЭЗЭН чамтай хамт байх болтугай. Чи амжилттай явж, чиний тухайд ЭЗЭНий айлдсан ёсоор чи өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг барих болтугай.

12 ЭЗЭН чамд хэрсүү байдал ба ухаарлыг өгч, чамаар Израилийг захируулан, чи өөрийн Бурхан ЭЗЭНий хуулийг сахих болтугай.

13 Израилийн талаар Мосед ЭЗЭНий тушаасан тогтоол, зарлигуудыг чи сахихдаа хянамгай хандах аваас, чи амжилт олох болно. Тууштай бөгөөд зоригтой бай. Бүү ай, бүү шантар.

14 Одоо харагтун, би ЭЗЭНий өргөөнд зориулан зуун мянган талант алт, нэг сая талант мөнгө, жигнэн хэмжиж барахааргүй маш их хэмжээний хүрэл ба төмөр, мөн дүнз болон чулуунуудыг зовлонтойгоор бэлтгэн тавьсан билээ. Чи дээр нь нэмэрлээрэй.