Шүүгчид 11 АБ2004

1 Гилеад хүн Иефта нь эрэлхэг дайчин боловч янхны хөвгүүн байв. Иефтагийн эцэг нь Гилеад байв.

2 Гилеадын эхнэр ч түүнд хөвгүүдийг төрүүлэв. Тэр эхнэрийн хөвгүүд өсөж өндийгөөд, Иефтаг хөөж,—Чи өөр эмийн хөвгүүн учир бидний эцгийн гэр дотор чамд өв оногдохгүй гэж загнав.

3 Ийнхүү Иефта ах дүү нараасаа зугтаан, Тобын нутагт амьдрах болжээ. Үл бүтэх этгээдүүд Иефта уруу цуглаж ирэн, түүний хамт явав.

4 Хэсэг хугацааны дараа Аммоны хөвгүүд Израилийн эсрэг дайтлаа.

5 Аммоны хөвгүүд Израилийн эсрэг тулалдахад Гилеадын ахлагчид Иефтаг Тобын нутгаас авчрахаар яваад,

6 тэд Иефтад—Ирж биднийг Аммоны хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний удирдагч бологтун гэж ятгасанд

7 Иефта Гилеадын ахлагчдад—Та нар намайг үзэн ядаж, эцгийн минь гэрээс хөөж гаргасан биш үү? Одоо зовлонд орохдоо та нар яагаад над уруу ирэх болов? хэмээв.

8 Гилеадын ахлагчид Иефтад—Чи бидэнтэй явж, Аммоны хөвгүүдтэй тулалдаад, Гилеадын бүх оршин суугчдын тэргүүлэгч болно шүү дээ. Тийм л учраас бид чам уруу ирлээ гэв.

9 Тэр Гилеадын ахлагчдаас—Хэрэв та нар намайг Аммоны хөвгүүдтэй тулалдуулахын тулд буцаан авч, ЭЗЭН тэднийг миний гарт тушаавал, би та нарын тэргүүлэгч болох уу? хэмээн асуусанд

10 Гилеадын ахлагчид Иефтад—ЭЗЭН бидний хооронд гэрч болно. Үнэхээр бид чиний хэлснээр үйлдэх болно гэв.

11 Тэгээд Иефта Гилеадын ахлагчдын хамт явж, ардууд түүнийг өөрсдийн тэргүүлэгч ба удирдагч болгосон. Иефта өөрийн хамаг үгийг ЭЗЭНий өмнө Мизпад хэлэв.

12 Иефта Аммоны хөвгүүдийн хаанд элч нарыг илгээж,—Чи миний газар нутаг уруу дайтахаар миний эсрэг ирэх ямар хэрэг чи бид хоёрын дунд болсон юм бэ? хэмээн хэлүүлсэнд

13 Аммоны хөвгүүдийн хаан хариуд нь Иефтагийн элч нарт—Яагаад гэвэл Израиль Египетээс гарч ирэхдээ Арнонаас Иаббок болон Иорданыг хүртэлх миний нутгийг авсан билээ. Тиймээс одоо эдгээр газрыг энх тайвнаар буцааж өг гэжээ.

14 Иефта Аммоны хөвгүүдийн хаанд элч нарыг дахин илгээж,

15 түүнд—Иефта ийнхүү хэлүүлжээ. “Моабын газрыг ч, Аммоны хөвгүүдийн газрыг ч Израиль аваагүй.

16 Израиль Египетээс гарч ирж, цөлийг туулан Улаан тэнгис хүртэл явж, Кадешт ирэхдээ

17 Едомын хаанд элч нарыг илгээн, «Биднийг өөрийнхөө газраар нэвтрүүлээч» хэмээн гуйсан боловч Едомын хаан хайхарсангүй. Тэд бас Моабын хаанд элч нарыг илгээсэн боловч тэр ч зөвшөөрөөгүй. Ингээд Израиль Кадешт үлдсэн юм.

18 Дараа нь тэд цөлийг туулан Едомын болон Моабын газрыг тойрч, Моабын нутгийн зүүн талд ирж, Арноны чанадад буудаллав. Гэвч тэд Моабын газар нутагт халдан орсонгүй. Учир нь Арнон бол Моабын хил байв.

19 Израиль Хешбоны хаан, аморичуудын хаан Сихонд элч нарыг илгээн «Өөрсдийн газар уруугаа явахын тулд биднийг газар нутгаараа дамжин өнгөрүүлнэ үү?» хэмээн уламжлуулсан боловч,

20 Сихон Израильд үл итгэн, өөрийн газар нутгаар өнгөрүүлээгүйгээр барахгүй бүх ард түмнээ цуглуулж, Иахазад хуарагнан, Израильтай тулалдсан юм.

21 Израилийн Бурхан ЭЗЭН Сихон болон түүний бүх ард түмнийг Израилийн гарт тушаасанд Израиль тэднийг ялав. Ингэж л Израиль тэндхийн уугуул оршин суугчид болох аморичуудын бүх нутгийг эзлэн авсан билээ.

22 Иймээс тэд Арнонаас Иаббокийг хүртэлх бас цөлөөс Иорданыг хүртэлх аморичуудын бүх газар нутгийг эзэмшсэн юм.

23 Израилийн Бурхан ЭЗЭН Өөрийн ард түмэн болох Израилийн өмнөөс аморичуудыг хөөн зайлуулсны хойно одоо чи түүнийг эзэмших гэж үү?

24 Чиний бурхан Хемош чамд юу эзэмшүүлэхээр өгснийг л чи эзэмшдэг биш үү? Тиймээс бидний Бурхан ЭЗЭН бидний өмнөөс хөөн зайлуулах бүхнийг бид эзэмших болно.

25 Чи Моабын хаан Зиппорын хөвгүүн Балакаас юугаараа илүү юм бэ? Балак Израильтай тэмцсэн буюу тэдэнтэй тулалдсан удаа байна уу?

26 Израиль нь Хешбон ба түүний харьяа гацаанууд, Ароер ба түүний харьяа гацаа болон Арнон голын эрэг дэх хамаг хотуудад гурван зуун жилийн турш израильчууд оршин суух хугацаанд та нар яагаад үүнийгээ тэднээс буцааж аваагүй юм бэ?

27 Тэгэхээр Би чиний эсрэг нүгэл үйлдээгүй атал, миний эсрэг дайн өдөөснөөрөө чи надад буруу зүйл хийж байна. Шүүгч болох ЭЗЭН өнөөдөр Израилийн хөвгүүд болон Аммоны хөвгүүдийн хоорондохыг шүүх болтугай” гэв гэжээ.

28 Харин өөрт нь илгээсэн Иефтагийн үгийг Аммоны хөвгүүдийн хаан ойшоосонгүй.

29 ЭЗЭНий Сүнс Иефтагийн дээр бууж ирсэнд тэрээр Гилеад болон Манассегаар өнгөрч гараад, дараа нь Гилеадын Мизпагаар дайран, Гилеадын Мизпагаас Аммоны хөвгүүд уруу хөдлөв.

30 Иефта ЭЗЭНд тангараглан—Хэрэв Та үнэхээр Аммоны хөвгүүдийг миний гарт өгвөл

31 би Аммоны хөвгүүдээс амар мэнд буцаж ирэх үед гэрийн минь үүднээс намайг угтан гарч ирэх тэр л хүн ЭЗЭНийх байх бөгөөд би түүнийг шатаалт тахил болгон өргөнө гэж өгүүлэв.

32 Ингээд Иефта Аммоны хөвгүүдтэй тулалдахаар голыг гатлав. ЭЗЭН тэднийг Иефтагийн гарт тушаалаа.

33 Иефта Ароераас Миннитийн гарц хүртэл, хорин хотыг бас Абел-керамимын чанадад хүртэл довтлон, хүйс тэмтрэв. Ингээд Аммоны хөвгүүд Израилийн хөвгүүдийн өмнө дарагдав.

34 Иефта Мизпа дахь өөрийн гэртээ ирэхэд, охин нь хэнгэрэг дуугарган бүжиглэсээр түүнийг угтан гарч ирэв. Тэр охин түүний цорын ганц хүүхэд нь байсан бөгөөд Иефтад тэр охиноос өөр хөвгүүн ч, охин ч байхгүй байжээ.

35 Иефта охиноо хармагц хувцсаа урж тастан—Хөөрхий охин минь! Чи надад асар их гуниг авчирлаа. Чи намайг шаналгав. Учир нь Би ЭЗЭНд ам алдсан бөгөөд үгээ буцааж авч чадахгүй гэв.

36 Охин эцэгтээ—Эцэг минь, та ЭЗЭНд ам алдсан билээ. Таны дайсан болох Аммоны хөвгүүдээс таны өшөөг ЭЗЭН авч өгснөөс хойш хэлснийхээ дагуу надад үйлдэгтүн! гэжээ.

37 Тэр эцэгтээ хандан—Үүнийг надад зөвшөөрөөч. Хоёр сарын хугацааг надад өгнө үү? Би найз нарынхаа хамт уулаар хэрэн явж, өөрийн онгон байдлын учир уйлан гашуудъя гэв.

38 Иефта—Явагтун хэмээн өгүүлээд, охиноо хоёр сар явуулсанд охин найз нарын хамт явж, уулан дээр өөрийн онгон байдлын учир уйлан гашуудав.

39 Хоёр сарын эцэст охин эцэгтээ буцаж ирсэнд эцэг нь тангарагласан тангаргийн ёсоор түүнд үйлдэв. Тэр охин эр хүнтэй унтаж үзээгүй байв. Үүнээс уламжлан Израильд нэгэн заншил бий болсон билээ.

40 Жил бүрийн дөрвөн өдөр Израилийн охид явж, Гилеад хүн Иефтагийн охиныг дурсан гашууддаг юм.

Бүлэг

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21