Шүүгчид 16 АБ2004

1 Самсон Газад ирж, нэгэн янхан эмийг хараад, түүн дээр оров.—

2 Самсон энд ирэв хэмээн Газынханд мэдэгдсэнд тэд тус газрыг бүсэлж, хотын хаалганд бүхэл шөнө нуугдан түүнийг хүлээв. Тэд бүхэл шөнийн турш нам гүм байж,—Үүр цайтал хүлээж байгаад, түүнийг алъя хэмээн хэлэлцэцгээжээ.

3 Самсон шөнө дунд хүртэл унтаад, шөнө дөлөөр босож, хотын хаалга болон хоёр баганыг нь авч, цуурга модтой нь хамт сугалж, мөрөн дээрээ тавин, Хеброны харалдаах уулын оройд үүрэн аваачив.

4 Түүний дараа Сорекийн хөндийд амьдардаг Делила хэмээх эмэгтэйд Самсон дурлав.

5 Филистийн ноёд тэр эмэгтэй уруу ирж, түүнд—Самсоныг аргадан, түүний агуу хүч чадал хаана нь оршдогийг болон хэрхэн бид түүнийг дийлж, хүлээд, зовоож болох талаар олж мэдэгтүн. Тэгвэл бидний хүн нэг бүр чамд мянга нэг зуун мөнгөн зоос өгнө гэв.

6 Тиймээс Делила Самсонд—Чиний агуу хүч чадал юунд байгаа бөгөөд яавал чамайг хүлж зовоож чадах вэ? Надад хэлж өгөөч? хэмээн гуйсанд

7 Самсон түүнд—Хэрэв тэд намайг хатаагүй долоон шинэхэн нумын хөвчөөр хүлбэл би дорой болж, бусад хүний адил болно гэв.

8 Филистийн ноёд хатаагүй долоон шинэхэн нумын хөвчийг өнөөх эмэгтэйд авчирсанд тэр түүгээр Самсоныг хүлэв.

9 Тэр эмэгтэй мухрын өрөөндөө хэдэн хүнийг нуусан байв. Тэгээд тэр—Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна хэмээн бархирав. Гэвч Самсон бөх олсыг галд хүргэн таслах мэт нумын хөвчийг таслав. Ингээд түүний хүч чадлын нууц илчлэгдсэнгүй.

10 Делила Самсонд—Чи намайг мэхлэн, надад худал хэлсэн билээ. Чамайг юугаар хүлж болохыг одоо надад хэл л дээ гэв.

11 Самсон түүнд—Хэрэв тэд хэрэглэж байгаагүй цоо шинэ олсоор намайг чанга хүлбэл би дорой болж, жирийн хүний адил болно гэв.

12 Делила цоо шинэ олс авч, түүнийг хүлээд—Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна хэмээн бархирав. Мухрын өрөөнд хэдэн эрчүүд нуугдсан байлаа. Гэвч Самсон тэр олсыг утас мэт таслан гараасаа унагав.

13 Дараа нь Делила Самсонд хандан—Өнөөг хүртэл чи намайг мэхлэн, надад худал хэлэв. Чамайг хэрхэн хүлж болохыг надад хэл хэмээн шаардав. Самсон түүнд—Хэрэв чи миний толгойн долоон туг үсийг нэхэж, [хадаасаар хадвал би дорой болж, жирийн хүний адил болно гэв.

14 Тийнхүү түүнийг унтаж байхад нь Делила түүний үснээс долоон туг үсийг нэхжээ.] Тэр үсийг нь хадаасаар хадаад—Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна хэмээн бархирав. Гэвч Самсон нойрноос сэрж, хадаасыг нэхмэлийн хамт угз татав.

15 Тэгтэл нөгөө хүүхэн Самсонд—Зүрх сэтгэл чинь надаас хөндий атал “Би чамд хайртай” гэж чи яаж надад хэлж чадна вэ? Чи намайг гурвантаа мэхлэн, чиний агуу хүч чадал юунд байгааг надад хэлсэнгүй хэмээв.

16 Тэр өдөр бүр түүнийг үгээрээ дарамтлан зовоосонд, түүний сэтгэл санааг мохоов.

17 Ингээд Самсон түүнд өөрийн сэтгэлд буй бүгдийг ярьж,—Миний толгойд тонгорог хүргэсэн удаагүй. Учир нь би эхийн хэвлийд байхаасаа Бурханы Назир хүн байв. Хэрэв миний үсийг хусвал миний хүч чадал надаас зайлж, би доройтон жирийн хүний адил болно гэв.

18 Самсон өөрийнхөө сэтгэлд буй бүгдийг ярьсныг Делила хараад, хүн явуулж, Филистийн ноёдыг дуудан—Дахин нэг удаа хүрч ирэгтүн. Учир нь Самсон өөрийн зүрх сэтгэлийн хамаг бүхнээ надад дэлгэсэн гэж хэлүүлэв. Тэгэхэд Филистийн ноёд түүн уруу мөнгөө барьж ирэв.

19 Өнөөх эмэгтэй Самсоныг өвдөг дээрээ унтуулж, нэгэн хүнийг дуудан, Самсоны толгойн долоон туг үсийг хусуулжээ. Дараа нь тэр түүнийг зовоож эхэлсэнд Самсоны хүч алга болжээ.

20 Өнөөх эмэгтэй—Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна гэж бархирав. Самсон нойрноосоо сэрж,—Би урьдын адил гарч яван, биеэ сэгсэрье хэмээн өгүүлэв. Харин ЭЗЭН түүнийг орхисныг тэр мэдсэнгүй.

21 Тэгэхэд филистчүүд түүнийг барьж, нүдийг нь сохлоод, Газад авчран, хүрэл гинжээр дөнгөлөв. Ингээд Самсоныг шоронд буудай тээрэмдүүлдэг болов.

22 Үсийг нь хуссанаас хойш Самсоны толгойн үс дахин ургаж эхлэв.

23 Филистийн ноёд—Бидний дайсан Самсоныгманай бурхан бидний гарт тушаавгэж хөөрцгөөн, өөрсдийн бурхан Дагонд аугаа тахилыг өргөн баярлахаар цуглацгаав.

24 Ардууд Самсоныг хараад, өөрсдийн бурхныг магтан,—Улс орныг минь хоосруулж,биднээс олныг хороосон бидний дайсныг манай бурхан бидний гарт тушаавгэцгээв.

25 Тэдний зүрх хөөрөхөд тэд—Самсоныг дуудан авчир. Тэр биднийг хөгжөөг хэмээн хашхирцгаав. Тийнхүү тэд Самсоныг шоронгоос дуудан гаргасан бөгөөд тэр тэднийг хөгжөөж өгөв. Тэд Самсоныг багануудын хооронд зогсоосон билээ.

26 Тэрээр гарыг нь барьж байсан залууд—Энэ дуганы тулгуур баганад хүрч, түшихийг зөвшөөрөөч гэв.

27 Дуганд дүүрэн хүмүүс байсан бөгөөд Филистийн ноёд бүгд тэнд байжээ. Дуганы дээвэр дээрээс бараг гурван мянган эрэгтэй, эмэгтэй хүн Самсоны хөгжөөхийг харж байлаа.

28 Тэгэхэд Самсон ЭЗЭНийг дуудан—Эзэн БУРХАН минь, намайг санан соёрхооч. Бурхан минь, зөвхөн энэ удаа л надад хүчийг өгөөч. Би ганцхан л удаа хоёр нүднийхээ төлөө филистчүүдээс өшөөгөө авъя хэмээн гуйв.

29 Самсон дуганыг тулж байсан голын хоёр баганын нэгийг нь баруун гараараа, нөгөөг нь зүүн гараараа тулав.

30 Тэгээд Самсон—Филистчүүдтэй хамт үхье хэмээн өгүүлж, хамаг чадлаараа түлхсэнд дуган нурж, дотор нь байсан ноёд болон бүх ардыг дарав. Ийнхүү үхэхдээ Самсоны алсан хүмүүс нь түүний амьд байхдаа алсан хүмүүсээс ч олон байв.

31 Дараа нь түүний ах дүүс болон эцгийнх нь гэрийн хүмүүс бүгд буун ирж, түүнийг авч, Зора болон Ештаолын хооронд орших эцэг Маноагийн булшинд авчран оршуулав. Ийнхүү Самсон хорин жилийн турш Израилийг шүүв.

Бүлэг

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21