Шүүгчид 15 АБ2004

1 Гэвч хэсэг хугацаа өнгөрч, буудай хураах үед Самсон залуу ямаа аван өөрийн эхнэрийнд айлчлан очоод,—Би эхнэрийнхээ гэрт оръё хэмээсэнд эмэгтэйн эцэг зөвшөөрсөнгүй.

2 Эмэгтэйн эцэг түүнд—Би чамайг түүнд үнэхээр өширхсөн байгаа хэмээн бодоод, түүнийг чиний найзад өгсөн юм. Түүний охин дүү нь түүнээс илүү үзэсгэлэнтэй биш үү? Түүний оронд чи дүүг нь өөрийн болгон авагтун гэв.

3 Самсон тэдэнд—Энэ удаад би филистчүүдэд хор хөнөөл учруулсан ч надад ямар ч гэм зэм байхгүй гэв.

4 Самсон явж гурван зуун үнэг бариад, сүүл сүүлээр нь холбож хоёр сүүлний хооронд бамбар уяв.

5 Тэгээд бамбарууддаа гал асаагаад, үнэгнүүдийг филистчүүдийн тариан талбай уруу оруулсанд, юүжилсэн тариа болон хураагаагүй тарианы аль алиныг, мөн усан үзмийн тариалан болон чидун моддыг нь хүртэл шатаав.

6 Тэгэхэд филистчүүд—Хэн энэ хэргийг үйлдэв? хэмээлцсэнд—Тимначуудын хүргэн Самсон. Юу гэвэл хадам эцэг нь эхнэрийг нь авч анд нөхөрт нь өгчихсөн юм гэцгээв. Иймээс филистчүүд ирж, өнөөх эмэгтэйг эцэгтэй нь хамт галдан шатаав.

7 Самсон тэдэнд—Та нар нэгэнт ийм хэрэг үйлдсэн тул би та нараас заавал өшөө авна. Түүний дараа л би сална гэж хэлэв.

8 Самсон тэднийг хайр найргүйгээр олноор нь хядав. Тэгээд явж, Етамын хадны хавцалд амьдран суув.

9 Дараа нь филистчүүд хүрч ирж, Иудад хуарагнан, Лехигээр тархжээ.

10 Иудагийн хүмүүс—Яагаад та нар бидний эсрэг ирэв ээ? гэв. Тэд—Бид Самсоныг барин хүлж, түүний бидэнд үйлдсэний адилаар түүнд үйлдэхээр ирцгээв гэж хариуллаа.

11 Гурван мянган Иуда эрчүүд Етамын хадны хавцал уруу явж, Самсонд—Филистчүүд бол бидний захирагч гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Чи бидэнд юу хийчих нь энэ вэ? хэмээв. Самсон тэдэнд—Тэд надад үйлдсэний адилаар би тэдэнд үйлдсэн билээ гэж хариулсан.

12 Тэд түүнд—Бид чамайг хүлж, филистчүүдийн гарт тушаахаар ирлээ гэсэнд Самсон тэдэнд—Та нар намайг алахгүй гэдгээ надад тангараглагтун гэв.

13 Тэд Самсонд—Үгүй. Бид чамайг хурдан хүлээд, тэдний гарт тушаах боловч бид үнэхээр чамайг алахгүй гээд, хоёр шинэ олсоор түүнийг хүлж, хаднаас буулган авч явав.

14 Самсон Лехид ирэхэд филистчүүд уухай хадаан түүнийг угтав. ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд түүний гарыг хүлсэн олс нь галд шатсан маалинган утас мэт болж, уяанууд гараас нь тайлагдаж унав.

15 Самсон илжигний шинэхэн эрүүний яс олоод, гараа сунган түүнийг авч, түүгээр мянган хүнийг алав.

16 Тэгээд Самсон—Илжигний эрүүний ясаар овоон дээр овоо босгов.Илжигний эрүүний ясаар би мянган хүнийг алавгэжээ.

17 Ингэж хэлж дуусаад, тэрээр илжигний эрүүний ясыг хаяад, тэр газрыг Рамат-Лехи хэмээн нэрлэв.

18 Дараа нь тэр ихэд ундаасаж, ЭЗЭНийг дуудан—Та Өөрийн боолын гараар энэ их авралыг өгсөн билээ. Гэтэл одоо би хатаж үхэн, хөвч хөндүүлээгүй хүмүүсийн гарт унах гэж үү? хэмээн хэлэв.

19 Харин Бурхан Лехид байдаг доогуураа хөндий газрыг ангайлган, тэндээс ус гаргав. Тэр ус уумагц, хүч тамир орж сэргэв. Тиймээс тэр энэ газрыг Ен-хаккор хэмээн нэрлэсэн нь энэ өдрийг хүртэл Лехид бий аж.

20 Ингэж Самсон филистчүүдийн өдрүүдэд хорин жилийн турш Израилийг шүүв.

Бүлэг

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21