1 Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. ЭЗЭН тэднийг долоон жилийн турш Мидианы гарт тушаав.
2 Мидианы гар Израилийг дарамталсан билээ. Мидианаас болж, Израилийн хөвгүүд өөрсдөдөө уулын ан цав, агуй болон бэхлэлтийг барьж бий болгов.
3 Израиль тариа тарих үед мидианчууд амалекчуудтай болон дорнын хөвгүүдтэй хамтран тэдний эсрэг довтолдог байв.
4 Тэгээд тэдний эсрэг бэхлэн сууж, Газ хүрэх замын дагуух газрын үр жимсийг талхалж, израильчуудад хонь, үхэр, илжиг, амьд амьтан үлдээдэггүй байв.
5 Учир нь тэд өөрсдийн мал сүрэг болон майхантайгаа ирдэг байв. Тэд болон тэдний тэмээнүүд нь царцааны нүүдэл мэт тоолшгүй ихээрээ ирдэг байлаа. Тэд газар нутгийг хоосруулахын тулд орж ирсэн билээ.
6 Мидианаас болж Израиль ихэд доройтон, израильчууд ЭЗЭН уруу уйлан хашхирав.
7 Мидианаас болж Израилийн хөвгүүд ЭЗЭНээс хашхирч гуйхад,
8 ЭЗЭН Израилийн хөвгүүдэд нэгэн эш үзүүлэгчийг илгээв. Эш үзүүлэгч тэдэнд хандан—Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарыг Египетээс гаргаж, та нарыг боолчлолын гэрээс авчирсан нь Би юм.
9 Би та нарыг египетчүүдийн гараас болон та нарыг дарлагч бүгдийн гараас авран гаргаж, тэднийг та нарын өмнөөс зайлуулж, газар нутгийг нь та нарт өгсөн.
10 Би та нарт «Би бол та нарын Бурхан ЭЗЭН мөн. Та нарын амьдарч байгаа нутгийн аморичуудын бурхдаас бүү эмээ. Харин та нар Намайг дагасангүй» гэж айлдсан” гэсэн.
11 ЭЗЭНий тэнгэр элч ирж, Абиезри хүн Иоашт харьяалагдах Офрад байдаг царс модон доор суув. Тэр үед Иоашийн хөвгүүн Гидеон мидианчуудаас нуун авч үлдэхийн тулд улаан буудайгаа усан үзмийн шахуурга дотор цайруулж байв.
12 ЭЗЭНий тэнгэр элч түүнд үзэгдэн—Эрэмгий дайчин минь, ЭЗЭН чамтай хамт байна гэсэнд
13 Гидеон хариулан—Эзэнтэн минь, хэрэв ЭЗЭН бидэнтэй хамт байдаг юм бол яагаад энэ бүгд бидэнд тохиолдоно вэ? Бидний өвөг дээдэс “ЭЗЭН биднийг Египетээс авчирсан шүү” хэмээн бидэнд хуучилсан Түүний тэр бүх гайхамшгууд нь хаана байна вэ? Харин одоо ЭЗЭН биднийг орхиж, Мидианы гарт өгчээ гэхэд
14 ЭЗЭН түүнд хандан,—Чи өөрийн хүчээр явж, Израилийг Мидианы гараас аврагтун. Би чамайг илгээж байгаа бус уу? гэв.
15 Гидеон Түүнд—Эзэн минь, би хэрхэн Израилийг аварч чадах вэ? Үзэгтүн, манай бүл Манассегийн дотроос хамгийн дорой нь, мөн би эцгийнхээ гэрт хамгийн бага нь шүү дээ гэсэнд,
16 ЭЗЭН түүнд—Би үнэхээр чамтай хамт байх болно. Ганц хүнийг цохиж алах мэт чи Мидианыг дийлнэ гэв.
17 Иймд Гидеон—Хэрэв би Таны мэлмийд таалал олсон бол надтай ярилцаж буй нь Та мөн гэсэн тэмдгийг надад харуулаач.
18 Би өргөлөө авч, Тань уруу буцаж ирэн Таны өмнө тавих хүртэл эндээс битгий яваач гэхэд ЭЗЭН—Чамайг буцаж иртэл хүлээе гэж айлдав.
19 Гидеон явж, нэгэн ишиг төхөөрч, нэг ефа гурилаар исгээгүй талх хийж, махыг нь сагсан дотор, шөлийг нь тогоонд хийж, царс модны доор байгаа тэнгэр элчид тэдгээрийг авч ирэн түүнд өргөв.
20 Бурханы тэнгэр элч Гидеонд—Мах болон исгээгүй талхыг авч, энэ хадан дээр тавиад, шөлийг дээрээс нь асга гэв. Тэр тийн үйлдэв.
21 Ингэхэд ЭЗЭНий тэнгэр элч гартаа байсан таягийн үзүүрийг мах болон исгээгүй талханд хүргэмэгц хаднаас гал дүрэлзэн, мах болон исгээгүй талхыг шатааж орхив. Тэгээд ЭЗЭНий тэнгэр элч түүнд үзэгдэхгүй болов.
22 Энэ нь ЭЗЭНий тэнгэр элч байсныг Гидеон хараад—Аяа, Эзэн БУРХАН минь, би ЭЗЭНий тэнгэр элчтэй нүүр нүүрээрээ учрав хэмээн уулга алдсанд
23 ЭЗЭН түүнд—Амар тайван байгтун. Бүү ай. Чи үхэхгүй хэмээн айлдав.
24 Гидеон тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгож, түүнийгээ ЭЗЭН бол Амар тайван хэмээн нэрлэв. Тэр нь энэ өдрийг хүртэл абиезричуудын Офрад байгаа.
25 Тэр шөнө ЭЗЭН Гидеонд айлдан—Чи эцгийнхээ бухыг, долоон настай өөр бухны хамт авч, Баалд зориулсан эцгийнхээ тахилын ширээг нураан хаяж, дэргэд нь байх Ашерагийн баганыг тайрч унага.
26 Энэ өндөрлөгийн оройд чи өөрийн Бурхан ЭЗЭНд зориулан тахилын ширээг зөв аргаар босгогтун. Тайрч унагасан Ашерагийн баганын модыг ашиглан хоёр дахь бухаар шатаалт тахилыг өргөгтүн гэв.
27 Гидеон өөрийн зарц нарын дундаас арван эрийг авч, ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв. Тэрээр эцгийн гэрийнхэн болон хотын хүмүүсээс ихэд эмээж байсан тул үүнийг өдөр хийлгүй, шөнөөр үйлдэв.
28 Хотын хүмүүс дараа өглөө нь эртлэн босоод харсанд, Баалын тахилын ширээг нурааж хаясан, дэргэд нь байсан Ашерагийн баганыг тайрч унагаад, шинээр босгосон тахилын ширээн дээр хоёр дахь бухаар тахил өргөсөн байв.
29 Тэд хоорондоо—Хэн үүнийг үйлдэв? хэмээн асууж шалгаан—Иоашийн хөвгүүн Гидеон үүнийг үйлдсэн гэлцэв.
30 Хотын хүмүүс Иоашт—Хүүгээ гаргаад ир. Тэр Баалын тахилын ширээг эвдлэн, дэргэд нь байсан Ашерагийн баганыг тайрч унагасан тул үхэх ёстой хэмээн шаардсанд
31 Иоаш өөрийнх нь эсрэг зогсоцгоож буй бүгдэд хандан—Та нар Баалын төлөө тэмцэх үү, эсвэл түүнийг аваръя гэж байна уу? Баалын төлөө тэмцэгч нь өглөө гэхэд алагдах болно. Хэрэв Баал бурхан л юм бол хэн нэгэн түүний тахилын ширээг нураасан тул өөрийнхөө төлөө өөрөө тэмцэг гэв.
32 Баалын тахилын ширээг нураасан тул тэр өдөр Гидеонд “Баал түүнтэй өөрөө тэмцэг” гэсэн утгатай “Иеруббаал” гэдэг нэрийг өгөв.
33 Дараа нь бүх мидианчууд, амалекчууд болон дорнын хөвгүүд нэгдэн, Иордан голыг гаталж, Иезреелийн талд хуарагнан буув.
34 ЭЗЭНий Сүнс Гидеон дээр буув. Тэр эвэр бүрээ үлээхэд түүнийг дагахаар абиезричууд цуглав.
35 Гидеон Манассе даяар элч нарыг илгээсэнд тэд ч гэсэн түүнийг дагахаар ирцгээв. Тэр бас Ашер, Зебулун болон Нафтали уруу элч нарыг илгээсэнд тэд ирж тэдэнтэй нэгдэв.
36 Ингээд Гидеон Бурханд хандан—Хэрэв Та айлдсан ёсоороо надаар дамжуулан Израилийг аврах гэж байгаа бол,
37 би одоо хэсэг ноосыг үтрэмийн шалан дээр тавина. Хэрэв зөвхөн тэр ноосон дээр л шүүдэр бууж, хамаг газар хуурай байвал, Та амласан ёсоор надаар дамжуулан Израилийг аврах болно гэдгийг чинь би мэдье гэв.
38 Тийнхүү тэр ёсоор болов. Гидеон маргааш өглөө нь эртлэн босоод, нөгөө ноосоо мушгин шүүдрийг нь шавхарсанд, нэг аяга ус гаргав.
39 Тэгэхэд Гидеон Бурханд—Би дахин нэг ярихад Миний эсрэг Та бүү хилэгнээрэй. Энэ ноосоор дахин нэг удаа шалгахыг зөвшөөрөөч. Одоо зөвхөн ноосыг хуурай байлгаж, эргэн тойронд нь шүүдэр буулгаж өгөөч гэв.
40 Тэр шөнө Бурхан тийн үйлдэв. Зөвхөн ноос нь хуурай байж, эргэн тойронд нь шүүдэр буусан байв.