Шүүгчид 18:18-24 АБ2004

18 Тэдгээр хүмүүс Микагийн гэрт орж, сийлмэл хөрөг дүрс, ефод, гэрийн шүтээнүүд болон цутгамал хөрөг дүрсийг авсанд, тахилч тэднээс—Та нар юу хийж байгаа нь энэ вэ? гэж асуув.

19 Тэд түүнд—Дуугүй бай. Чи гараараа амаа таглаж, бидний хамт явж, бидний эцэг болон тахилч бологтун. Үүний хувьд ганц хүний гэрийн тахилч байх нь дээр үү, эсвэл Израилийн овог, ургийн тахилч байх нь дээр үү? гэв.

20 Тахилчийн сэтгэл хөөрч, тэрээр ефод, гэрийн шүтээнүүд, сийлмэл хөрөг дүрсийг авч, хүмүүсийн дунд орж явлаа.

21 Ингээд тэд эргэн, үр хүүхдүүд, мал, хөрөнгөө өмнөө оруулан аян замаа үргэлжлүүлэв.

22 Тэд Микагийн гэрээс нилээд холдсон хойно Микагийн хөрш айлуудын эрчүүд цуглан, Даны хөвгүүдийн араас хөөж гүйцэв.

23 Тэд Даны хөвгүүд уруу хашхиралдсанд эргэж хараад Микад—Та нар чинь бөөнөөрөө цуглаад юу болов? гэв.

24 Мика—Та нар миний бүтээсэн бурхад болон миний тахилчийг авч явчихаад надад юу үлдээсэн юм бэ? Тэгээд та нар надад “Чи юу болов?” гэж яаж хэлж чадаж байна вэ? гэлээ.