1 Израилийн эрчүүд Мизпад тангараг тавин “Бидний хэн нь ч охиноо Бениаминтай гэрлүүлэхгүй” хэмээн өгүүлэв.
2 Ард түмэн Бетелд ирж, тэнд Бурханы өмнө үдэш болтол суугаад, дуугаа өндөрсгөн, гашуудан уйлалдав.
3 Тэд—Израилийн Бурхан, ЭЗЭН минь, яагаад Израильд энэ мэт хэрэг болж, өнөөдөр Израилиас нэгэн овог дутах болов оо? гэцгээв.
4 Дараагийн өдөр нь ардууд эртлэн босоод, тэнд тахилын ширээ босгож, шатаалт болон эвийн тахилуудыг өргөв.
5 Тэгээд Израилийн хөвгүүд—Израилийн бүх овгуудаас ЭЗЭНий цугларалтад ирээгүй нь хэн бэ? хэмээцгээв. Учир нь Мизпад ЭЗЭНд хүрч ирээгүй хүний тухайд—Тэр нь заавал алагдах болно хэмээн хатуу тангаргийг тэд тавьсан болой.
6 Израилийн хөвгүүд өөрсдийн дүү болох Бениамины төлөө гашуудан—Өнөөдөр Израилиас нэг овог таслагдав.
7 Тэдэнтэй охидоо гэрлүүлэхгүй хэмээн бид ЭЗЭНээр тангарагласан хойно тэдний үлдсэн хүмүүст нь эхнэр авч өгөхийн тулд бид яах вэ? хэмээцгээв.