22 Охидын эцгүүд, эсвэл ах нар нь ирж, бидэнд гомдол мэдүүлбэл бид тэдэнд “Охидоо тэдэнд өгч, бидний төлөө тэднийг энэрэгтүн. Бид дайны үед тэдэнд эхнэр авсангүй бөгөөд та нар ч охидоо тэдэнд өгөөгүй учраас та нар яллагдахгүй юм” хэмээн хэлнэ гэв.
23 Бениамины хөвгүүд тийнхүү үйлдэв. Бүжиглэж байсан охидоос тэд өөрсдийн тоогоор булаан авч явав. Тэд өөрсдийн өв болох нутагтаа буцаж ирээд, хотуудаа сэргээн босгож, тэндээ суурьшив.
24 Тэр үед Израилийн хөвгүүд тэндээс тус тусын овог болон бүл уруугаа буцаж, хүн бүр өөрсдийн өв болох газар уруугаа явцгаав.
25 Тэр үед Израильд хаан байгаагүй тул хүн бүр өөрийн нүдэнд зөв хэмээн үзсэнээ үйлдэж байлаа.