Шүүгчид 21:9-15 АБ2004

9 Учир нь ард түмнийг тоолсонд, Иабеш-гилеадын оршин суугчдаас нэг нь ч тэнд байсангүй.

10 Тиймээс чуулган арван хоёр мянган эрэлхэг дайчдыг тийш нь илгээж, тэдэнд тушаасан нь—Яваад, Иабеш-гилеадын оршин суугчдыг эмэгтэйчүүд ба хүүхдүүдтэй нь хамт илдний ирээр цавчигтун.

11 Энэ бол та нарын хийх зүйл билээ. Бүх эрчүүдийг нь болон эрэгтэй хүнтэй хавьтсан эмэгтэй болгоныг бүрэн устгагтун гэв.

12 Тэд Иабеш-гилеадын оршин суугчдын дундаас эр хүнтэй хавьтаж үзээгүй дөрвөн зуун онгон охидыг олж, тэднийг Канаан газарт байдаг Шилогийн хуаран уруу дагуулж ирэв.

13 Дараа нь бүх чуулганаас Риммоны хаданд байгаа Бениамины хөвгүүд уруу үг илгээж, тэдэнд эвлэрлийг тунхаглав.

14 Тэр үед Бениамин буцаж ирсэнд, Иабеш-гилеадын эмэгтэйчүүдээс амьд үлдсэн эмэгтэйчүүдийг тэдэнд өгсөн боловч тэдэнд хүрэлцсэнгүй.

15 ЭЗЭН Израилийн овгуудын дунд онгорхой зай гаргасан тул ард түмэн Бениамины төлөө гашуудав.