Шүүгчид 6:13-19 АБ2004

13 Гидеон хариулан—Эзэнтэн минь, хэрэв ЭЗЭН бидэнтэй хамт байдаг юм бол яагаад энэ бүгд бидэнд тохиолдоно вэ? Бидний өвөг дээдэс “ЭЗЭН биднийг Египетээс авчирсан шүү” хэмээн бидэнд хуучилсан Түүний тэр бүх гайхамшгууд нь хаана байна вэ? Харин одоо ЭЗЭН биднийг орхиж, Мидианы гарт өгчээ гэхэд

14 ЭЗЭН түүнд хандан,—Чи өөрийн хүчээр явж, Израилийг Мидианы гараас аврагтун. Би чамайг илгээж байгаа бус уу? гэв.

15 Гидеон Түүнд—Эзэн минь, би хэрхэн Израилийг аварч чадах вэ? Үзэгтүн, манай бүл Манассегийн дотроос хамгийн дорой нь, мөн би эцгийнхээ гэрт хамгийн бага нь шүү дээ гэсэнд,

16 ЭЗЭН түүнд—Би үнэхээр чамтай хамт байх болно. Ганц хүнийг цохиж алах мэт чи Мидианыг дийлнэ гэв.

17 Иймд Гидеон—Хэрэв би Таны мэлмийд таалал олсон бол надтай ярилцаж буй нь Та мөн гэсэн тэмдгийг надад харуулаач.

18 Би өргөлөө авч, Тань уруу буцаж ирэн Таны өмнө тавих хүртэл эндээс битгий яваач гэхэд ЭЗЭН—Чамайг буцаж иртэл хүлээе гэж айлдав.

19 Гидеон явж, нэгэн ишиг төхөөрч, нэг ефа гурилаар исгээгүй талх хийж, махыг нь сагсан дотор, шөлийг нь тогоонд хийж, царс модны доор байгаа тэнгэр элчид тэдгээрийг авч ирэн түүнд өргөв.