Шүүгчид 6:15-21 АБ2004

15 Гидеон Түүнд—Эзэн минь, би хэрхэн Израилийг аварч чадах вэ? Үзэгтүн, манай бүл Манассегийн дотроос хамгийн дорой нь, мөн би эцгийнхээ гэрт хамгийн бага нь шүү дээ гэсэнд,

16 ЭЗЭН түүнд—Би үнэхээр чамтай хамт байх болно. Ганц хүнийг цохиж алах мэт чи Мидианыг дийлнэ гэв.

17 Иймд Гидеон—Хэрэв би Таны мэлмийд таалал олсон бол надтай ярилцаж буй нь Та мөн гэсэн тэмдгийг надад харуулаач.

18 Би өргөлөө авч, Тань уруу буцаж ирэн Таны өмнө тавих хүртэл эндээс битгий яваач гэхэд ЭЗЭН—Чамайг буцаж иртэл хүлээе гэж айлдав.

19 Гидеон явж, нэгэн ишиг төхөөрч, нэг ефа гурилаар исгээгүй талх хийж, махыг нь сагсан дотор, шөлийг нь тогоонд хийж, царс модны доор байгаа тэнгэр элчид тэдгээрийг авч ирэн түүнд өргөв.

20 Бурханы тэнгэр элч Гидеонд—Мах болон исгээгүй талхыг авч, энэ хадан дээр тавиад, шөлийг дээрээс нь асга гэв. Тэр тийн үйлдэв.

21 Ингэхэд ЭЗЭНий тэнгэр элч гартаа байсан таягийн үзүүрийг мах болон исгээгүй талханд хүргэмэгц хаднаас гал дүрэлзэн, мах болон исгээгүй талхыг шатааж орхив. Тэгээд ЭЗЭНий тэнгэр элч түүнд үзэгдэхгүй болов.