Шүүгчид 8:26-32 АБ2004

26 Гидеоны хүсэмжилсэн алтан ээмгийн жин мянга долоон зуун шекел алт болов. Түүнээс гадна хавирган сар хэлбэртэй чимэг болон унждаг чимэг, Мидианы хаадын өмсөж байсан нил ягаан нөмрөг хийгээд тэдний тэмээнүүдийн хүзүүнд зүүлттэй байсан хүзүүний чимэг мэтчилэн байв.

27 Гидеон тэдгээрээр нэгэн ефод бүтээж, төрөлх хот Офрад тавив. Бүх израильчууд түүнийг шүтэн мөргөж, тэнд завхайрцгаав. Тэр нь Гидеон болон түүний гэрийнхэнд занга болжээ.

28 Ингээд Мидиан Израилийн хөвгүүдийн өмнө дарагдсан бөгөөд дахин толгойгоо өндийлгөсөнгүй. Энэ нутаг Гидеоны үед дөчин жилийн туршид амар тайван байв.

29 Ингээд Иоашийн хөвгүүн Иеруббаал буцаж, өөрийн гэрт амьдрав.

30 Гидеон олон эхнэртэй байсан тул тэр далан хүүтэй байлаа.

31 Шехемд байсан татвар эм нь түүнд нэгэн хөвгүүнийг төрүүлж өгсөнд Абимелех гэдэг нэр өгөв.

32 Иоашийн хөвгүүн Гидеон өндөр насыг наслан өөд болсон бөгөөд түүнийг эцэг Иоашийнх нь булшинд абиезричуудын Офрад оршуулжээ.