Шүүгчид 9:28-34 АБ2004

28 Тэр үед Ебедийн хөвгүүн Гаал—Абимелех гэгч хэн бэ? Шехем гэгч хэн бэ? Юуны учир бид түүнд зарагдах ёстой вэ? Абимелех Иеруббаалын хөвгүүн ба Зебул Абимелехийн түшмэл биш үү? Шехемийн эцэг Хаморын эрчүүдэд үйлчил. Харин яагаад бид Абимелехт зарагдах ёстой юм бэ?

29 Энэ ард түмэн миний эрхэн дор байсан ч болоосой! Тэгвэл би Абимелехийг хөөн зайлуулахсан хэмээн агсраад, Абимелехт—Цэргийн хүчээ нэмэн, хүрч ирэгтүн хэмээн хэлүүлэв.

30 Ебедийн хөвгүүн Гаалын үгийг хотын захирагч Зебул сонсож, уур хилэн нь бадарлаа.

31 Тэр Абимелех уруу нууцаар элч нарыг илгээн—Үзэгтүн, Ебедийн хөвгүүн Гаал ах дүүсийнхээ хамт Шехемд ирээд байна. Одоо тэд хотыг таны эсрэг босгож байна.

32 Тэгэхээр өөрийнхөө ардын хамт шөнөөр босож, талд нуугдан хүлээгтүн.

33 Өглөө эрт нар мандмагц та эртлэн босож, хот уруу дайран орогтун. Гаал болон түүнтэй хамт байгч ардууд таны эсрэг гарч ирэх цагт та өөрийн хийж чадах бүх зүйлээ үйлдэгтүн гэж хэлүүлэв.

34 Ийнхүү Абимелех ба түүнтэй хамт байгч бүх ард шөнөөр босож, дөрвөн ангид хуваагдан, Шехемийн эсрэг нуугдан бүгэв.