Тооллого 11:11-17 АБ2004

11 Тийнхүү Мосе ЭЗЭНд хандан—Та Өөрийн зарцдаа юунд ийм хатуу хандсан бэ? Яагаад би Таны мэлмийд тааллыг эс олон, юунд Та энэ бүх ард түмний ачааг над дээр тохсон юм бэ?

12 Энэ бүх ард түмнийг олж тээсэн нэгэн нь би байсан гэж үү? Та надад “Хөхүүл нялх хүүхдийг асрах хүн мэт тэднийг өөрийн цээжиндээ тэвэрч, өвөг дээдэст нь Таны амласан газар уруу авч явагтун” хэмээн хэлэхээр тэднийг төрүүлсэн нэгэн нь би байсан гэж үү?

13 Энэ бүх ард түмэнд өгөх махыг би хаанаас олох вэ?” Бидэнд идэх мах өгөөч” хэмээн тэд миний өмнө уйлж байна.

14 Би ганцаараа энэ бүх ард түмнийг авч явах чадваргүй юм. Учир нь надад энэ хэт хүнд байна.

15 Тиймээс хэрэв Та надад ингэж хандах гэж байгаа бол, хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол намайг нэгмөсөн алаач. Мууг минь бүү үзүүлээч гэлээ.

16 Тиймээс ЭЗЭН Мосед—Ард түмний ахмадууд болоод тэдний тэргүүлэгчид хэмээн чиний мэддэг, Израилийн ахмадуудаас далан хүнийг Миний төлөө цуглуулан, тэднийг хурлын майхан уруу авчирч, тэнд өөртэйгөө хамт зогсоо.

17 Дараа нь Би доош буун ирж, тэнд чамтай ярих болно. Чиний дээр буй Сүнсийг Би аван, тэдний дээр тавих болно. Тэд ард түмний ачааг чамтай хамт үүрэлцэх болой. Ингэснээр чи үүнийг ганцаараа үүрэхгүй болно.