1 Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
2 Уяман өвчин, гоожилттой болон үхсэн хүнээс болж бузартсан аливаа хүнийг хуарангаас гадагш гарган явуулахыг Израилийн хөвгүүдэд тушаагтун.
3 Эр, эм гэлгүй чи гарган явуул. Дунд нь Би оршиж буй тэдний хуаранг тэднээр бузарлуулахгүйн тулд чи тэднийг хуарангаас гаргагтун гэлээ.
4 Израилийн хөвгүүд түүнчлэн хийж, тэднийг хуарангийн гадна гаргав. ЭЗЭНий Мосед айлдсан ёсоор Израилийн хөвгүүд тийнхүү хийв.
5 Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин айлдахдаа—
6 Израилийн хөвгүүдэд хандан “Эр, эм аливаа хүн хүнд ямар нэгэн гэм хийж, ЭЗЭНий эсрэг тэрсэлвэл, тэр хүн гэмтэн болно.
7 Тэр хүн үйлдсэн нүглүүдээ хүлээн зөвшөөрч учруулсан хохирлынхоо нөхөн төлбөрийг бүрэн хийж, үүн дээрээ дахиж тавны нэгийг нь нэмэн, түүнийгээ хохирогчид өгөх ёстой.
8 Гэвч хэрэв хохирлын нөхөн төлбөр хийгдэх хамаатан уг хохирогчид байхгүй бол хохирлын төлөө хийгдсэн нөхөн төлбөр нь тэр хүний төлөөх эвлэрүүллийг хийхээр ашигласан эвлэрүүллийн хуцаас гадна тахилчид зориулагдан ЭЗЭНд очих ёстой.
9 Мөн тахилчид өргөх Израилийн хөвгүүдийн бүх ариун бэлгүүдэд хамаарах хандив бүр түүнийх байх юм.
10 Тиймээс хүн бүрийн ариун бэлэг нь түүнийх бөгөөд аливаа хүний тахилчид өгөх юм бүр нь түүнийх болно” гэж хэл гэв.
11 Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
12 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийнхүү хэлтүгэй. “Хэрэв хэн нэгэн хүний эхнэр төөрөлдөж, нөхөртөө үнэнч бус байж,
13 өөр хүн түүнтэй хурьцал үйлдээд, энэ явдал нөхрийнх нь нүднээс далдлагдсан бөгөөд хэдийгээр өнөөх эмэгтэй өөрийгөө бузарласан ч тэр нь илчлэгдээгүй ба түүний эсрэг ямар ч гэрч байхгүй, үйлдэл дээрээ тэр баригдаагүй аваас,
14 хэрэв нөхөрт нь хардах сэтгэл төрөн, эхнэр нь өөрийгөө бузарласан үед тэр эхнэрээ хардвал, эсвэл нөхөрт нь хардах сэтгэл төрөн, эхнэр нь өөрийгөө бузарлаагүй байхад эхнэрээ хардвал,
15 тэр хүн өөрийн эхнэрийг тахилчид авчрах бөгөөд мөн түүний төлөө өргөл болгон ефагийн аравны нэг арвайн гурилыг авчрах ёстой. Энэ нь хардалтын идээн өргөл ба гэм буруугийн сануулга, дурсгалын идээн өргөл болох учир тэр үүн дээр тос асгаж болохгүй, гүгэл ч тавих ёсгүй.
16 Тэгээд тахилч, өнөөх эмэгтэйг ойртуулан авчирч, ЭЗЭНий өмнө түүнийг зогсооно.
17 Тахилч шавар саванд ариун усыг хийж аваад, асрын шалан дээрх шорооноос авч түүнийгээ усанд хийнэ.
18 Тэгээд тахилч тэр эмэгтэйг ЭЗЭНий өмнө зогсоогоод, эмэгтэйн толгойн үсийг задгай тавьж, хардалтын идээн өргөл болох дурсгалын идээн өргөлийг гарт нь тавина. Тахилчийн гарт хараал авчрах гашуун ус байх болой.
19 Тахилч өнөөх эмэгтэйгээр тангараг тавиулаад, тэр эмэгтэйд «Хэрэв ямар ч эр хүн чамтай унтаагүй бөгөөд нөхрийнхөө дор байгаа чи бузар явдал уруу төөрөөгүй байх аваас хараал авчрах энэ гашуун уснаас чи чөлөөлөгдөх болтугай.
20 Харин хэрэв чи нөхрийн дор байдаг атал төөрөн, өөрийгөө бузарлан, нөхрөөс чинь ондоо эр хүн чамтай хурьцал үйлдсэн байх аваас,
21 (Тэгээд тахилч мөнөөх эмэгтэйгээр хараалын тангаргийг тавиулаад, эмэгтэйд хандан) ЭЗЭН гуяыг чинь хатаан, хэвлийг чинь хөөлгөн, ард олны чинь дунд чамайг хараал, тангараг болгох болтугай.
22 Хараал авчрах энэ ус ходоодонд чинь орж, хэвлийг чинь хөөлгөн, гуяыг чинь хатааг» гэнэ. Өнөөх эмэгтэй «Амен, Амен» хэмээн хэлэх ёстой.
23 Тахилч эдгээр хараалуудыг хуйлмал номд бичээд, түүнийгээ гашуун усанд угаан арилгах болой.
24 Тэгээд тэр хараал авчрах гашуун усыг эмэгтэйд уулгана. Ингэснээр хараалыг авчрах гашуун ус түүний биед орон, гашууныг бий болгох ажгуу.
25 Тахилч өнөөх эмэгтэйн гараас хардалтын идээн өргөлийг авч, уг идээн өргөлийг ЭЗЭНий өмнө даллан, тахилын ширээнд авчирна.
26 Тахилч дурсгалын өргөл болгон идээн өргөлөөс атгыг авч, түүнийг тахилын ширээн дээр шатаан уугиулаад, дараа нь тэр эмэгтэйд усыг уулгах болой.
27 Эмэгтэйд усыг уулгахад, хэрэв тэр эмэгтэй өөрийгөө бузарлан, нөхөртөө үнэнч бус байсан бол хараал авчрах ус түүний биед орон гашууныг бий болгох ба түүний хэвлий хөөн, гуя нь хатаж, тэр эмэгтэй ард олныхоо дунд хараал болох болой.
28 Харин хэрэв өнөөх эмэгтэй өөрийгөө бузарлаагүй бөгөөд цэвэр байх аваас тэр чөлөөлөгдөж, жирэмслэх чадвар нь хэвээрээ байна.
29 Энэ бол хардалтын хууль юм. Эхнэр нь нөхрийн доор байдаг атал төөрч, өөрийгөө бузарлахад,
30 эсвэл нөхөрт нь хардах сэтгэл төрөхөд тэр эхнэрээ хардаж, тэр эмэгтэйг ЭЗЭНий өмнө зогсоох ба тахилч энэ бүх хуулийг эмэгтэйд хэрэгжүүлэх ажгуу.
31 Цаашилбал, нөхөр нь гэм буруугаас чөлөөлөгдөж, харин эмэгтэй гэм буруугаа үүрэх болно” гэлээ.