Тооллого 31 АБ2004

1 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

2 Израилийн хөвгүүдийн төлөө мидианчуудаас өшөөгөө бүрэн авагтун. Үүний дараа чи өвөг дээдэс уруугаа одох болно гэв.

3 Мосе ард олонтой ярин—ЭЗЭНий өшөөг Мидианд гүйцэлдүүлэхээр Мидианы эсрэг явахын тулд өөрсдийнхөө дундаас эрчүүдийг дайнд зэвсэглэгтүн.

4 Израилийн бүх овгийн, овог бүрээс нэг мянгатыг та нар дайнд илгээх ёстой гэлээ.

5 Тийнхүү Израилийн мянгатуудаас, овог бүрээс нэг мянгат буюу арван хоёр мянгат дайнд авагдав.

6 Овог бүрээс нэг мянгатыг Мосе дайнд илгээсэн бөгөөд тахилч Елеазарын хүү Финехас гартаа ариун савнууд болон түгшүүрийн дохионы бүрээнүүдийг аван тэдэнтэй хамт дайнд явав.

7 Ийнхүү ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тэд Мидианы эсрэг дайн хийлээ. Тэд эр хүйстэн бүрийг алав.

8 Тэд Мидианы хаадыг бусад алагдагсдын хамт алсан билээ. Тэдгээр нь Мидианы таван хаад болох Еви, Рекем, Зур, Хур, Реба нар байв. Тэд бас Беорын хүү Балаамыг илдээр алав.

9 Израилийн хөвгүүд Мидианы эмэгтэйчүүд болон тэдний багачуудыг олзлон авав. Тэдний бүх сүргийг, бүх мал сүргийг болон тэдний бүх эд юмсыг тэд дээрэмдэв.

10 Дараа нь израильчууд тэдний амьдарч байсан бүх хотуудыг, тэдний хуарангуудыг галдан шатаав.

11 Хүн, малын бүх дээрэм, бүх олзыг тэд авав.

12 Тэд олзлогдогсдыг болон олз, дээрэмдсэн юмсыг Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд буй хуаран уруу Мосе, тахилч Елеазар ба Израилийн хөвгүүдийн чуулганд авчирлаа.

13 Мосе, тахилч Елеазар нар болон чуулганы бүх удирдагчид тэднийг угтахаар хуарангийн гадна гарцгаав.

14 Дайны албаас ирсэн цэргийн захирагчид болох мянгатын дарга нар, зуутын дарга нарт Мосе уурлав.

15 Мосе тэдэнд—Та нар бүх эмэгтэйчүүдийн амийг хэлтрүүлэв үү?

16 Харагтун, тэд Балаамын зөвлөгөөгөөр Пеорын хэрэг явдалд Израилийн хөвгүүдийг ЭЗЭНий эсрэг бурууг үйлдэхэд хүргэсэн. Тэгээд ЭЗЭНий цуглааны дунд гамшиг ирсэн.

17 Тийм учир одоо, багачуудын дундах эр хүйстэн бүрийг, эр хүнтэй унтаж мэдсэн эмэгтэй болгоныг алагтун.

18 Харин эр хүнийг мэдээгүй бүх охидыг өөрсдөдөө хэлтрүүлэн үлдээгтүн.

19 Та нар хуарангийн гадна долоо хоног буудаллагтун. Хүн алсан хэн боловч, алагдагсдад хүрсэн хэн боловч, та нар болон олзлогдогсод чинь гурав дахь, долоо дахь өдөр өөрсдийгөө цэвэршүүл.

20 Та нар хувцас бүрийг, арьсан эдлэл бүрийг, ямааны ноолууран бүх зүйлсийг, мөн бүх модон эдийг өөрсдийнхөө төлөө цэвэршүүлэгтүн гэлээ.

21 Дараа нь тахилч Елеазар дайнд явсан бүх дайчдад—ЭЗЭНий Мосед тушаасан хуулийн тогтоол нь энэ болой.

22 Зөвхөн алт, мөнгө, хүрэл, төмөр, цагаан тугалга, хар тугалга,

23 галд тэсвэртэй бүхнийг та нар гал дундуур гаргах ёстой. Тэгээд энэ нь цэвэр болох боловч бузарт зориулсан усаар энэ нь цэвэршүүлэгдэх болой. Харин галд тэсвэргүй алив бүхнийг усан дундуур гарга.

24 Та нар өөрсдийн хувцсыг долоо дахь өдөр угаан цэвэр болгогтун. Үүний дараа та нар хуаранд орж болно гэв.

25 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

26 Чи болон тахилч Елеазар, цуглааны эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид дээрэмдсэн олз омог буюу хүн, малын аль алиных нь тооллогыг хий.

27 Дайнд явсан дайчдад болон бүх цуглааны дунд олз омгийг хуваагтун.

28 Дайнд явсан дайчдаас ЭЗЭНд зориулан татвар болгон хүн, мал, илжиг, хонины таван зуугаас нэгийг нь хураан ав.

29 Үүнийг тэдний хагасаас аваад, ЭЗЭНд өргөл болгон тахилч Елеазарт өгөгтүн.

30 Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, мал, илжиг, хонь болон бүх амьтдын тавь бүрээс нэгийг нь авч, тэдгээрийг ЭЗЭНий асрын үүргийг сахиж буй левичүүдэд өгөгтүн гэв.

31 Мосе, тахилч Елеазар нар ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хийв.

32 Дайчдын дээрэмдсэн олзноос үлдсэн олз омог нь зургаан зуун далан таван мянган хонь,

33 далан хоёр мянган үхэр,

34 жаран нэгэн мянган илжиг,

35 хүмүүсээс, эр хүнтэй унтаж үзээгүй эмэгтэйчүүдийн тоо нь бүгд гучин хоёр мянга байлаа.

36 Нэг хагас болох, дайнд явагсдын хувь нь хонины тоо гурван зуун гучин долоон мянга таван зуу байсан бөгөөд

37 хониноос авсан ЭЗЭНий хураамж нь зургаан зуун далан тав байв.

38 Үхэр гучин зургаан мянга байсан бөгөөд ЭЗЭНий хураамжинд далан хоёрыг нь авав.

39 Илжигнүүд гучин мянга таван зуу байсан бөгөөд ЭЗЭНий хураамжинд жаран нэгийг нь авав.

40 Хүмүүс арван зургаан мянга байсан бөгөөд ЭЗЭНий хураамжинд гучин хоёр хүнийг авав.

41 ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тахилч Елеазарт өгөх ЭЗЭНий өргөл болох алба татварыг Мосе өгчээ.

42 Дайнд явсан эрчүүдээс Мосегийн тусгаарласан Израилийн хөвгүүдийн нөгөө хагасын хувьд,

43 цуглааны хагас нь гурван зуун гучин долоон мянга таван зуун хонь,

44 гучин зургаан мянган үхэр,

45 гучин мянга таван зуун илжиг,

46 арван зургаан мянган хүн байлаа.

47 Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, малын аль алиных нь тавь бүрээс нэгийг нь Мосе авч, ЭЗЭНий түүнд тушаасан ёсоор тэдгээрийг ЭЗЭНий асрын үүргийг сахиж байсан левичүүдэд өгөв.

48 Дараа нь цэргийн мянгатуудын захирагчид болох мянгатын дарга нар болон зуутын дарга нар Мосе уруу очин,

49 Мосед хандаж—Таны зарц нар болох бидний удирдлаган дор байгаа дайчдад тооллогыг явуулав. Биднээс нэг ч хүн алдагдаагүй.

50 Тиймээс бид өөрсдийнхөө төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийхээр хүн бүрийн олсон алтан эдлэл, гарын зүүлт, бугуйвч, тамган бөгж, ээмэг ба хүзүүний зүүлтүүдийг ЭЗЭНд өргөл болгон авчрав гэлээ.

51 Мосе, тахилч Елеазар нар гар урлалын бүх төрөл болох тэдгээр алтыг тэднээс авав.

52 Мянгатын дарга нар, зуутын дарга нараас ЭЗЭНд өргөсөн өргөлийн бүх алт нь арван зургаан мянга долоон зуун тавин шекел байлаа.

53 Дайчдаас хүн бүр өөртөө олзыг авсан байлаа.

54 Тийнхүү Мосе, тахилч Елеазар нар мянгатын болон зуутын дарга нараас алтыг нь аван, түүнийг ЭЗЭНий өмнө Израилийн хөвгүүдэд дурсгал болгон хурлын майханд авчрав.

Бүлэг

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36