Тооллого 29 АБ2004

1 Долдугаар сард, уг сарын эхний өдөр та нар бас ариун цугларалтыг хийх бөгөөд хүнд хүчир ажил хийж болохгүй. Энэ нь та нарт бүрээ үлээлтийн өдөр болох юм.

2 Та нар ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон нэг бух, нэг хуц, нэг настай согоггүй долоон эр хургаар шатаалт тахил өргө.

3 Бас тэдгээрийн идээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг буханд ефагийн аравны гурвыг, хуцанд аравны хоёрыг,

4 долоон хурганы тус бүрд нь аравны нэгийг өргөх болой.

5 Бас өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхээр нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргө.

6 Эдгээрийг тогтоолынх нь дагуу тайвшруулах тааламжит үнэр буюу ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон шинэ сарын шатаалт тахил болон түүний идээн өргөл, байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл ба тэдгээрийн ундаан өргөлүүдээс тусад нь өргөгтүн.

7 Дараа нь энэ долдугаар сарын аравны өдөр та нар ариун цугларалт хий. Та нар өөрсдийгөө үгүйсгэж, ямар ч ажил хийж болохгүй.

8 Та нар шатаалт тахилыг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон согоггүй нэг бух, нэг хуц, нэг настай долоон эр хургыг авчир.

9 Тэдгээрийн идээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг, буханд ефагийн аравны гурвыг, хуцанд аравны хоёрыг,

10 долоон хурганы тус бүрд нь аравны нэгийг өргөгтүн.

11 Бас нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухныг өргөх болой. Эдгээрийг эвлэрүүллийн нүглийн төлөөх тахил, байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, тэдгээрийн ундаан өргөлүүдээс тусад нь өргөх ёстой.

12 Дараа нь долдугаар сарын арван тавны өдөр та нар ариун цугларалт хийх бөгөөд хүнд хүчир ажлыг хийж болохгүй. Та нар ЭЗЭНд найр наадмыг долоо хоногийн туршид тэмдэглэгтүн.

13 Та нар шатаалт тахил буюу галаар өргөх өргөлийг ЭЗЭНд тааламжит үнэр болгон согоггүй арван гурван бух, хоёр хуц, нэг настай арван дөрвөн эр хургыг авчир.

14 Тэдгээрийн идээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг, арван гурван бухын тус бүрд нь ефагийн аравны гурвыг, хоёр хуцын тус бүрд нь аравны хоёрыг,

15 арван дөрвөн хурганы тус бүрд нь аравны нэгийг өргө.

16 Бас нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.

17 Дараа нь, хоёр дахь өдөр нь арван хоёр бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

18 Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой.

19 Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, тэдгээрийн ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.

20 Дараа нь, гурав дахь өдөр нь арван нэгэн бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

21 Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой.

22 Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөлөөс тусад нь өргөх ёстой.

23 Дараа нь, дөрөв дэх өдөр нь арван бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

24 Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой.

25 Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.

26 Дараа нь, тав дахь өдөр нь есөн бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

27 Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой.

28 Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Тэдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.

29 Дараа нь, зургаа дахь өдөр нь найман бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

30 Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой.

31 Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Тэдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлүүдээс тусад нь өргөх ёстой.

32 Дараа нь, долоо дахь өдөр нь долоон бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

33 Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой.

34 Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Тэдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.

35 Найм дахь өдөр та нар ёслолын чуулганыг хийх бөгөөд хүнд хүчир ажлыг хийж болохгүй.

36 Харин та нар нэг бух, нэг хуц, нэг настай согоггүй долоон эр хургыг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болох шатаалт тахил буюу галаар өргөх өргөл болгон авчрах ёстой.

37 Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөнө.

38 Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Тэдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.

39 Эдгээрийг та нар өөрсдийн тангаргийн өргөлүүд ба өөрсдийн сайн дурын өргөлүүдээс тусад нь шатаалт тахилууд, идээн өргөлүүд ба ундаан өргөлүүд эвийн тахилуудынхаа төлөө ЭЗЭНд өөрсдийн товлосон цагуудад авчир” гэж хэл гэв.

40 ЭЗЭНий Мосед тушаасан бүгдийн дагуу Мосе Израилийн хөвгүүдэд өгүүлэв.

Бүлэг

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36