Тооллого 19:7-13 АБ2004

7 Тахилч хувцсаа угаан өөрийн биеийг усанд булхаад, дараа нь хуаран уруу орж болно. Гэхдээ тахилч үдэш болтол бузартсан байх болно.

8 Түүнийг шатаагч нэгэн нь бас усанд хувцсаа угаан, биеэ мөн усанд булхах бөгөөд үдэш болтол бузартсан байх болой.

9 Цэвэр хүн охин бярууны үнсийг цуглуулан авч, түүнийг хуарангийн гадна цэвэр газарт асгана. Үүнийг Израилийн хөвгүүдийн чуулган бузрыг зайлуулах усанд зориулан хадгалан байлгах юм. Энэ нь нүглийн цэвэршүүлэлт болой.

10 Охин бярууны үнсийг цуглуулсан нэгэн нь хувцсаа угаах бөгөөд үдэш болтол бузартсан байх юм. Энэ нь Израилийн хөвгүүдэд болон тэдний дунд түр сууж буй харийн хүнд улиран үргэлжлэх тогтоол болох болой.

11 Аливаа хүний цогцост хүрсэн хүн нь долоон хоногийн туршид бузартсан болох ажгуу.

12 Тэр хүн гурав дахь өдөр, долоо дахь өдөрт өөрийгөө бузартлаас усаар цэвэршүүлэх бөгөөд тэр цэвэр болох болой. Гэвч хэрэв тэр хүн өөрийгөө гурав дахь өдөр, долоо дахь өдөрт эс цэвэршүүлэх аваас тэр цэвэр болохгүй.

13 Үхсэн хүний бие, цогцост хүрээд өөрийгөө цэвэршүүлээгүй аливаа хүн ЭЗЭНий асрыг бузарлах болно. Тэр хүн Израилиас таслагдах ёстой. Бузарт зориулагдсан ус түүний дээр цацагдаагүйн улмаас тэрээр бузартсан байх болно. Бузар нь түүний дээр хэвээр байх болно.