4 Дараа нь тэд Едомын нутгийг тойрон явахаар Улаан тэнгисийн замд буй Хор уулаас хөдөлсөн юм. Аяны улмаас ард түмэн тэвчээргүй болов.
5 Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж—Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Бид энэ заваан хүнсийг жигшиж байна гэцгээлээ.
6 ЭЗЭН ард түмний дунд галт могойнуудыг илгээхэд, тэд ард олныг хатгажээ. Ингэснээр Израилийн олон хүн үхэв.
7 Тиймээс ард түмэн Мосе уруу ирж—Бид ЭЗЭН болон таны эсрэг ярьснаас болж нүглийг үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар ЭЗЭНд зуучлан залбираач гэв. Мосе ард олны төлөө зуучлан залбирав.
8 Тэгтэл ЭЗЭН Мосед—Галт могой хийж, түүнийг шургаагны оройд байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан хүн бүр түүнийг хараад амьдрах болно гэв.
9 Мосе хүрэл могойг хийж, түүнийг шургаагны оройд байрлуулав. Хэрвээ хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал, тэр хүн хүрэл могойг хараад амьдарч байлаа.
10 Ингээд Израилийн хөвгүүд нүүж Оботод буудаллав.