Тооллого 23:11-17 АБ2004

11 Тэгэхэд Балак Балаамд—Чи надад юу хийчихэв ээ? Би чамайг дайснаа хараалгахаар авчирсан. Гэтэл харагтун, чи чухамдаа тэднийг ерөөлөө гэв.

12 Тэр хариу болгон—ЭЗЭН миний аманд хийсэн зүйлийг ярихыг би анхаарах ёсгүй гэж үү? гэлээ.

13 Дараа нь Балак түүнд—Чи тэднийг бүхэлд нь биш, зөвхөн тэдний хамгийн наад захыг нь л харах хэдий ч тэднийг харж болох өөр газар уруу надтай хамт яваач. Тэндээс чи миний төлөө тэднийг хараагтун гэлээ.

14 Ингээд тэр түүнийг Писгагийн орой өөд Зофимийн бэлчээр уруу аваачиж, долоон тахилын ширээг босгон, тахилын ширээ бүр дээр бух, хуцыг өргөв.

15 Тэр Балакт—Тээр тэнд би өөрөө ЭЗЭНтэй уулзаж байх зуур, шатаалт тахилынхаа дэргэд энд зогсож байгтун гэв.

16 Дараа нь ЭЗЭН Балаамтай уулзаж, түүний аманд үгийг хийгээд,—Балак уруу буцан очиж, чи ингэж хэлтүгэй хэмээн айлдав.

17 Тэр түүн уруу очлоо. Харагтун, тэр болон түүнтэй хамт Моабын бүх удирдагчид шатаалт тахилынхаа дэргэд зогсож байв. Балак түүнээс—ЭЗЭН юу айлдав? гэж асуув.