Тооллого 6:1-7 АБ2004

1 ЭЗЭН дахин Мосетэй ярин, айлдахдаа—

2 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлтүгэй. “Эр, эм аливаа хүн өөрийгөө ЭЗЭНд зориулахаар Назирын тангараг болох онцгой тангаргийг өргөх аваас,

3 тэр хүн дарс болон хатуу ундааг цээрлэж, дарс, эсвэл хатуу ундаагаар хийгдсэн цууг үл хэрэглэн, усан үзмийн шүүсийг ч үл уун, шинэ буюу хатаасан усан үзмийг ч идэж үл болно.

4 Тусгаарлалтынхаа бүх өдрүүдэд тэрээр усан үзмийн модны үрээс нь аваад хальсыг нь ч хүртэл ямар ч бүтээгдэхүүнийг идэж болохгүй.

5 Түүний тусгаарлалтын тангаргийн бүх өдрүүдэд толгойд нь тонгорог хүргэж болохгүй. ЭЗЭНд өөрийгөө тусгаарласан өдрүүд нь дуустал тэрээр ариун байх ёстой. Толгойнхоо үсийг тэр урт ургуулах болой.

6 ЭЗЭНд тусгаарлагдсан бүх өдрүүдэд тэрээр үхсэн хүнд ойртож болохгүй.

7 Өөрийн эцэг, эх, ах, эгч дүүг ч нас барах үед тэр өөрийгөө тэдний төлөө бузарлах ёсгүй. Учир нь ЭЗЭНд тусгаарлагдсан нь түүний толгой дээр байгаа билээ.