Илчлэлт 10:1-7 АБ2004

1 Үүлээр хувцасласан, хүчит өөр нэгэн тэнгэр элч тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Түүний толгой дээр солонго байсан бөгөөд түүний нүүр нь нар мэт, хөл нь галан багана мэт байв.

2 Гарт нь дэлгэсэн бяцхан ном байв. Тэр баруун хөлөө тэнгис дээр, зүүн хөлөө газар дээр тавиад,

3 арслан хүрхрэх адил чанга дуугаар хашхирав. Түүнийг хашхирахад долоон аянгын нижигнээн дуу гаргалаа.

4 Долоон аянга нижигнэхэд би бичих гэтэл тэнгэрээс—Долоон аянгын нижигнээний ярьсан юмсыг битүүмжил. Тэдгээрийг бүү бич гэх дуу гарахыг сонсов.

5 Тэнгис, газар дээр зогсохыг нь миний харсан мөнөөх тэнгэр элч баруун гараа тэнгэр өөд өргөөд,

6 тэнгэр болоод түүн дэх зүйлсийг, газар болоод түүн дэх зүйлсийг, тэнгис болоод түүн дэх зүйлсийг бүтээсэн үеийн үед амьд байгч Түүгээр тангараглан—Цаашид саатахгүй гэв.

7 Харин долоо дахь тэнгэр элчийн дуу гарах өдрүүд буюу бүрээ татах үед Өөрийн боолууд болох эш үзүүлэгчдэд Түүний тунхагласанчлан Бурханы нууц нь төгсөнө.