Илчлэлт 20 АБ2004

1 Гартаа ёроолгүй гүний түлхүүр, асар том гинжтэй тэнгэр элч тэнгэрээс бууж ирэхийг би харав.

2 Тэрээр диавол ба Сатан болох эртний могой буюу лууг бариад, түүнийг хүлж, мянган жилийн турш

3 ёроолгүй гүнд хаяжээ. Тэгээд мянган жилийг нь дуустал үндэстнүүдийг цаашид мэхлүүлэхгүйн тулд түүнийг түгжээд лацдав. Үүний дараа тэр ахархан хугацаанд суллагдах ёстой аж.

4 Би сэнтийнүүдийг харав. Тэд дээр нь заларчээ. Тэдэнд шүүх эрх өгөгдсөн байлаа. Мөн Есүсийн гэрчлэл болон Бурханы үгээс болж цаазлуулсан хүмүүсийн сүнснүүдийг, араатанд ба түүний хөрөгт мөргөөгүй, дух хийгээд гар дээрээ араатны тэмдгийг хүлээн аваагүй хүмүүсийг би харав. Тэд амилаад Христтэй хамт мянган жилийн турш хаанчилжээ.

5 Үхэгсдээс үлдсэн нь мянган жилийг дуустал амилсангүй. Энэ бол анхны амилалт юм.

6 Анхны амилалтад багтсан хүн ерөөлтэй агаад ариун юм. Хоёр дахь үхэл тэднийг захирах ямар ч хүчгүй ажээ. Харин тэд Бурханы ба Христийн тахилч нар болцгоож, Түүнтэй хамт мянган жилийн турш хаанчлах болно.

7 Мянган жил төгсөх үед Сатан шоронгоосоо суллагдан,

8 дэлхийн дөрвөн өнцөгт буй үндэстнүүдийг, Гог болон Магогийг мэхлэн, тэднийг дайнд хамтад нь цуглуулахын тулд гарч ирнэ. Тэдний тоо тэнгисийн эргийн элс шиг аж.

9 Тэд газрын энгээр нэг тарж, ариун хүмүүсийн хуаран, хайрлагдсан хотыг бүсэлжээ. Тэнгэрээс гал бууж тэднийг залгив.

10 Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд ч мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байгаа аж. Тэд өдөр шөнөгүй үеийн үед тарчилна.

11 Цагаан өнгөтэй агуу их сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар олдсонгүй.

12 Үхсэн их бага хүмүүс сэнтийн өмнө зогсож байхыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм. Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв.

13 Тэнгис дотроо байсан үхэгсдийг гаргаж өгөв. Үхэл ба Үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэг бүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв.

14 Тэгээд үхэл ба Үхэгсдийн орон галт нуурт хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл буюу галт нуур болой.

15 Хэрэв хэн нэгний нэр амийн номд бичигдсэн нь олдохгүй бол тэр хүн галт нуурт хаягдсан байна.

Бүлэг

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22