Илчлэлт 19 АБ2004

1 Үүний дараа хурсан олон түмний дуу мэт чимээ тэнгэрт гарахыг би сонсов. Тэд—Халлелуяа! Аврал, алдар, хүч нь бидний Бурханд байдаг.

2 Яагаад гэвэл Түүний шүүлт үнэн бөгөөд зөвт. Учир нь завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан үлэмжийн том янхныг Тэр шийтгэв. Тэр Өөрийн боолуудын цусны өшөөг түүнээс авсан гэлээ.

3 Хоёр дахь удаагаа тэд—Халлелуяа! Түүний утаа нь үеийн үед суунаглана гэв.

4 Хорин дөрвөн ахлагч болон дөрвөн амьтан унаж, сэнтийд залрагч Бурханд мөргөж—Амен. Халлелуяа! гэв.

5 Сэнтийнээс дуу гарч—Түүний бүх боолууд аа, Түүнээс эмээгч их, бага хүмүүс та нар бидний Бурханд магтаалыг өргө гэв.

6 Хурсан олон түмний дуу хоолой шиг, их усны шуугиан шиг, хүчит аянгын нүргээн шиг дуу гарахыг би сонсов.—Халлелуяа! Төгс хүчит Эзэн [бидний] Бурхан хаанчилдаг.

7 Баярлан хөөрч, баясан цэнгэж, Түүнд алдрыг нь өргөцгөөе. Учир нь Хурганы хурим болж, Түүний сүйт бүсгүй өөрийгөө бэлдэв.

8 Тэрээр гялалзсан, цэвэрхэн нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь тэрхүү нарийн маалинга бол ариун хүмүүсийн зөвт үйлс юм.

9 Тэр надад—“Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ!” гэж бичигтүн гээд—Эдгээр нь Бурханы үнэн үгс мөн гэлээ.

10 Намайг тэнгэр элчид мөргөхөөр хөлд нь унасанд тэр надад—Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон Есүсийн гэрчлэлтэй ах дүүсийн чинь хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө. Учир нь Есүсийн гэрчлэл бол эш үзүүлэгчийн сүнс мөн гэв.

11 Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан зүсмийн морь байлаа. Түүн дээр суусан нь “Итгэмжит бөгөөд Үнэн” гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаараа шүүж дайтдаг.

12 Түүний мэлмий нь галын дөл шиг, тэргүүн дээр нь олон титэм байна. Өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй нэр дээр нь бичээстэй байлаа.

13 Тэр цусанд дүрэгдсэн дээл өмсжээ. Түүний нэрийг “Бурханы Үг” гэдэг ажээ.

14 Цагаан өнгөтэй цэвэрхэн, нарийн маалинган хувцас өмссөн, тэнгэр дэх дайчид цагаан зүсмийн морьд унан Түүнийг дагаж байв.

15 Түүний амнаас нь хурц сэлэм цухуйх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг устгах юм. Тэр үндэстнүүдийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсан шахуургыг шахна.

16 Тэр дээл болон гуян дээрээ “Хаадын Хаан, эздийн Эзэн” гэж бичсэн нэртэй ажээ.

17 Наран дээр нэгэн тэнгэр элчийн зогсож байхыг би харав. Тэр чанга дуугаар хашхиран тэнгэрийн дундуур нисэж буй бүх шувуудад—Ирцгээ. Бурханы их зоогон дээр чуулагтун.

18 Ингэснээр та нар хаадын мах, мянгатын дарга нарын мах, хүчит эрсийн мах, морьд болоод морьтонгуудын махыг, эрх чөлөөт хүмүүс ба боолчуудын, их бага бүх хүний махыг идэх юм хэмээн хэлэв.

19 Морь унасан Түүний эсрэг болон дайчдынх нь эсрэг дайтахаар цугласан араатан болоод газрын хаад, тэдний дайчдыг би харав.

20 Өнөөх араатан болоод түүнтэй хамт хуурамч эш үзүүлэгч баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдсэнээрээ араатны тэмдгийг хүлээн авсан хүмүүс болон араатны хөрөгт мөргөсөн хүмүүсийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг амьдаар нь шатаж буй хүхэртэй галт нуурт хаяв.

21 Бусад нь морь унасан Нэгэний амнаас цухуйх сэлмэнд алагдсан бөгөөд бүх шувууд тэдний маханд цадав.

Бүлэг

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22