1 Ефес дэх чуулганы тэнгэр элчид бичигтүн.“Баруун мутартаа долоон одыг баригч Нэгэн, долоон алтан дэнлүүний суурийн дунд алхагч Нэгэн үүнийг айлдаж байна.
2 ”Би чиний ажил үйлс, нөр хөдөлмөр, тэвчээрийг чинь болон муу хүмүүсийг тэсвэрлэж чадаагүйг болон өөрсдийгөө элч нар хэмээдэг атлаа, чухамдаа элч биш хүмүүсийг шалгаж, хуурамч хүмүүс байсныг нь илчилснийг чинь мэднэ.
3 Чи тэвчээртэй байж, Миний нэрийн төлөө хүлцэн тэвчиж, цуцаагүй.
4 Харин Надад чиний эсрэг зүйл байна. Юу гэвэл чи анхны хайраа орхижээ.
5 Тиймээс чи хаанаас унаснаа санаж гэмш. Чи анх хийж байсан үйлсээ үйлд. Хэрэв чи гэмшихгүй бол, Би чам уруу очиж, дэнлүүний чинь суурийг байрнаас нь зайлуулах болно.
6 Гэвч чамд сайн юм бий. Юу гэвэл Миний үзэн яддаг николайчуудын үйлсийг чи ч мөн үзэн яддаг.
7 Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун. Бурханы диваажинд буй амийн модноос идэхийг Би ялагч нэгэнд соёрхоно»”.
8 Смирна дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн.“Үхсэн бөгөөд амилсан эхэн ба эцэс үүнийг айлдаж байна.
9 «Би чиний зовлон шаналал, ядуу байдлыг (гэвч чи баян) болон өөрсдийгөө иудейчүүд хэмээгчдээр доромжлогддогийг чинь мэднэ. Харин тэд иудейчүүд биш бөгөөд Сатаны синагог юм.
10 Эдлэх гэж буй зовлонгоосоо бүү ай. Үзэгтүн, диавол та нарыг сорихын тулд та нараас заримыг чинь шоронд хаях гэж байна. Та нарт арван өдөр гай зовлон учрах болно. Үхэл хүртэл итгэмжтэй бай. Тэгээд Би чамд амийн титмийг өгнө.
11 Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун. Ялагч нь хоёр дахь үхлээр хохирохгүй»”.
12 Пергам дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн.“Хоёр талдаа хурц ирт илдтэй Нэгэн үүнийг айлдаж байна.
13 «Би чиний хаана нутагладгийг болон тэнд чинь Сатаны сэнтий байдгийг мэднэ. Чи Миний нэрийг бат сахидаг бөгөөд Миний итгэлийг үгүйсгээгүй, бүр Сатаны нутагладаг газарт, та нарын дунд алагдсан Миний гэрч, Миний итгэлт нэгэн болох Антипын өдрүүдийн үед ч үгүйсгээгүй билээ.
14 Харин чиний эсрэг хэдэн зүйл Надад байна. Яагаад гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид байдаг. Балаам нь Израилийн хөвгүүдийн өмнө бүдрүүлэх саад тавиулах гэж, шүтээнүүдэд тахисан юмсыг идүүлж, садар самууныг үйлдүүлэх гэж Балакийг сургасаар байсан.
15 Тэрчлэн үүний адилаар николайчуудын сургаалыг сахигчид ч чамд бий.
16 Тиймээс гэмшигтүн. Эс бөгөөс Би чам уруу даруй очиж, амныхаа илдээр тэдэнтэй тулалдах болно.
17 Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун. Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүнийг хүлээн авагчаас өөр хэн ч мэдэхгүй чулуун дээр бичигдсэн шинэ нэр өгнө»”.
18 Туатейр дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн.“Галын дөл мэт нүдтэй, өнгөлсөн хүрэл мэт хөлтэй, Бурханы Хүү үүнийг айлдаж байна.
19 «Би чиний ажил үйлс, хайр, итгэл, үйлчлэл, тэвчээрийг болон эцсийн ажил үйл чинь эхнийхээсээ агуу гэдгийг мэднэ.
20 Гэвч чиний эсрэг зүйл Надад байна. Юу гэвэл өөрийгөө эш үзүүлэгч хэмээн нэрлэдэг Иезебел гэгч эмэгтэйд Миний боолуудыг сурган, төөрөлдүүлэхийг чи зөвшөөрсөн. Тэгснээр тэд садар самуун үйлдэн, шүтээнүүдэд өргөсөн юмсыг иддэг ажээ.
21 Би тэр эмэгтэйд гэмших хугацаа өгсөн. Харин тэр садар самуун үйлдсэндээ гэмшихийг хүсдэггүй.
22 Харагтун, Би түүнийг орон дээр хаяна. Хэрэв тэд тэр эмэгтэйн үйлдэлд гэмшихгүй бол, түүнтэй завхайрагчдыг үлэмж гай зовлонд унагана.
23 Түүний хүүхдүүдийг Би үхлээр хөнөөнө. Би бол оюун санааг хийгээд зүрхийг Нягтлагч гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн нэг бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.
24 Харин Туатейрт үлдсэн, энэ сургаалыг сахидаггүй, өөрсдийнх нь нэрлэдгээр Сатаны гүн юмсыг мэддэггүй та нарт Би хэлье. Би та нарын дээр өөр дарамт тавихгүй.
25 Гагцхүү юу байгаагаа Намайг очтол бат сахь.
26 Ялагч ба Миний үйл хэргийг эцэс хүртэл хамгаалдаг хүнд Би үндэстнүүдийг захирах эрх мэдлийг өгнө.
27 Би Эцэгээсээ эрх мэдлийг хүлээн авсан. Үүнчлэн тэр хүн шавар сав суулгануудыг хага цохих адил тэднийг төмөр таягаар захирах болно.
28 Би түүнд үүрийн цолмонг өгнө.
29 Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун»”.