1 Долоон аягатай долоон тэнгэр элчийн нэг нь ирж надтай ярилцан—Нааш ир. Их усны дээр суух агуу янхныг шүүх шүүлтийг би чамд харуулъя.
2 Дэлхийн хаад тэр эмтэй завхайрлыг үйлдэн, дэлхий дээр нутаглагсад түүний завхайрлын дарснаас ууж согтуурцгаав гэв.
3 Тэнгэр элч намайг Сүнс дотор цөлд авчрав. Би долоон толгойтой, арван эвэртэй, доромжлолын нэрсээр дүүрэн час улаан араатан дээр суух нэгэн эмэгтэйг харлаа.
4 Тэр эмэгтэй нил ягаан болон час улаан өнгийн хувцастай бөгөөд алт, үнэт чулууд, сувдаар гоёсон байв. Тэр жигшүүрт юмс болон өөрийн завхайрлын бузар юмсаар дүүрэн алтан хундагыг гартаа барьжээ.
5 Түүний духан дээр “Дэлхийн янхнуудын ба жигшүүрт юмсын эх агуу их Вавилон” гэсэн нууц нэр бичигдсэн байв.
6 Тэр эм ариун хүмүүсийн цуснаас болон Есүсийг гэрчлэгчдийн цуснаас уугаад согтохыг би харав.Би түүнийг хараад, ихэд гайхлаа.
7 Өнөөх тэнгэр элч надад—Чи юунд гайхна вэ? Энэ эмэгтэйн болон түүнийг авч яваа долоон толгойтой, арван эвэртэй араатны нууцыг би чамд хэлье.
8 Чиний харсан араатан нь байсан боловч одоо байхгүй. Тэр ёроолгүй гүнээс гарч ирэн, сүйрэл уруу явах гэж байна. Ертөнцийн сууриас хойш амийн номд нэрс нь бичигдээгүй дэлхий дээр нутаглагсад тэр араатныг хараад гайхах болно. Тэр байсан боловч одоо байхгүй, дараа ирнэ.
9 Энд мэргэн ухаан бүхий оюун санаа байна. Долоон толгой бол тэр эмэгтэйн сууж байгаа долоон уул бөгөөд долоон хаан юм.
10 Тав нь унасан бөгөөд нэг нь байгаа. Нөгөө нь хараахан ирээгүй аж. Тэр ирэхдээ хоромхон зуур саатах ёстой.
11 Байсан, одоо байхгүй өнөөх араатан бол найм дахь нь юм. Тэр бол өнөөх долоогийн нэг нь бөгөөд сүйрэл уруу явна.
12 Чиний харсан арван эвэр бол хаанчлалыг хараахан хүлээн аваагүй байгаа арван хаан юм. Гэвч тэд араатантай хамт нэг цагийн турш хаад мэт эрх мэдлийг хүлээж авна.
13 Тэд нэг зорилготой бөгөөд өөрсдийн хүч, эрх мэдлийг араатанд өгнө.
14 Тэд Хурганы эсрэг дайн хийх бөгөөд Хурга тэднийг ялах болно. Учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм гэв.
15 Тэр надад—Янхан эмийн сууж байгаа чиний харсан ус бол ард түмэн, хурсан олон, үндэстнүүд ба хэлтнүүд юм.
16 Чиний харсан арван эвэр ба араатан нь янхныг үзэн ядаж, түүнийг хоосруулж, нүцгэлж, махан биеийг нь идээд, түүнийг галаар шатаах болно.
17 Учир нь Бурханы үгс биелэгдэх хүртэл нийтлэг зорилготой байснаар болон араатанд тэдний хаанчлалыг өгснөөр Бурхан Өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд тэдний зүрхэнд үүнийг хийсэн юм.
18 Чиний харсан тэр эм бол дэлхийн хаадыг хаанчлах агуу хот мөн гэв.