Илчлэлт 11:13-19 АБ2004

13 Тэр цагт асар хүчтэй газар хөдлөлт болж, хотын аравны нэг нь нурлаа. Газар хөдлөлтөнд долоон мянган хүн үхсэн бөгөөд үлдсэн нь айн сүрдэж тэнгэрийн Бурханд алдрыг өргөв.

14 Хоёр дахь гай тотгор өнгөрлөө. Харагтун, гурав дахь гай тотгор даруй айсуй.

15 Долоо дахь тэнгэр элч бүрээгээ таттал, тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа.

16 Бурханы өмнө өөр өөрсдийн сэнтийд суугч хорин дөрвөн ахлагчид нүүрээрээ унаж, Бурханд мөргөж—

17 Байгаа, байсан, Төгс хүчит Эзэн Бурхан минь ээ, Танд бид талархал өргөе. Яагаад гэвэл Та Өөрийн агуу их хүчээ авч, хаанчилж эхэллээ.

18 Үндэстнүүд хилэгнэсэн бөгөөд Таны уур хилэн ирсэн. Үхэгсдийг шүүх цаг болон Таны боолууд болох эш үзүүлэгчид ба ариун хүмүүст, Таны нэрээс эмээгч их, бага хүмүүст шагналыг нь өгч, мөн дэлхийг устгагчдыг устгах цаг ирлээ гэлээ.

19 Тэнгэр дэх Бурханы сүм нээгдсэн байв. Түүний гэрээний авдар сүм дотор харагдав. Тэгтэл аянга гялбан, нүргэлж, тэнгэр дуугарч, газар хөдлөн, том мөндөр буулаа.